“ГЭРЛЭЭР БИЧИГСЭД” /Цуврал 01/

2021/05/05


КИНО ОПЕРАТОР, СПОРТЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН СУРВАЛЖЛАГЧ, МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБООНЫ АХМАД ГИШҮҮН, ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ БААТАРЫН СУГАРЖАВ
Ахмад гэрэл зурагчин Б.Сугаржав нь 1939 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн. 1959 онд Дорнодын 10 жилийн дунд сургуулийг, 1960 онд МУИС-ийн бэлтгэл ангийг төгсжээ. 1960-1962 онд Кино үйлдвэрт туслах оператор, оператороор ажиллаж байгаад 1962-1966 онд Польш улсад Кино урлагийн дээд сургууль, ЗХУ-д “Союз спорт фильм” студид спортын кино операторын курс төгссөн байна.
1966 оноос Монголын биеийн тамир, спортын эвлэлийн Төв зөвлөлд спортын сургалтын кино оператороор ажиллахын зэрэгцээ 1968-1996 онд “Спортын мэдээ”, “Монголын спорт”, “Таван цагариг” сонинд гэрэл зургийн сурвалжлагч, сэтгүүлчээр хавсран ажиллаж байв.


Мөн 1971, 1975, 1979, 1985, 1986 онд Софи, Минск, Парис, Будапештэд болсон чөлөөт бөхийн барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, 1972 онд Саппорогийн өвлийн болон Мюнхений зуны олимп, 1980 оны Москвагийн олимп, 1986 онд Москвад болсон “Сайн санаа”-ны тоглолтод сурвалжлагч, оператороор ажиллаж байсан.
1995 онд Японы Сасакава спортын сангаас зарласан Олон Улсын спортын гэрэл зургийн уралдаанд оролцож 55 орны 7000 гаруй бүтээлээс “Монгол бөхийн даацтай мэх” цуврал зураг нь шилдэг 200 зурагт шалгарч, номонд хэвлэгдэж байсан.
Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн хүндэт медаль, 1992 онд Засгийн газрын хүндэт жуух бичиг, 1989 онд “Биеийн тамирын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 1994 онд сэтгүүлчдийн холбооны хүндэт тэмдэгээр, 2002 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2006 онд МҮОХ-ны дээд шагнал “Олимпийн алдар” одонгоор, 2013 онд Монголд сэтгүүл зүйн алба үүсч хөгжсөний 100 жилийн ойн медалиар, мөн ондоо МҮОХ-ны шагнал “Алтан-Очир” одонгоор, 2015 онд Алтан гадас одонгоор, 2019 онд Монгол улсын “Соёлын тэргүүний ажилтан”, 2021 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан билээ. 

Add Comment

Top