Б.Бямба-Очир: Гэрэл зургаар дамжуулан үнэнийг мэдээлэх зарчим баримталдаг

2022/05/03


Хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжилга, ярилцлага, мэдээ гээд бүхий л бүтээлийн ард сайн зураглаач, зурагчин байдаг билээ. Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан бид Монголын Хэвлэл мэдээллийн салбарт нэгэн шинэ өнгө төрхийг бүрдүүлж яваа Mongolian Press Agency агентлагийг онцлон тус агентлагийн нэгэн өдрийг сурвалжиллаа.
Mongolian Press Agency буюу MPA агентлаг нь мэргэжлийн зурагчин, зураглаачдын өндөр түвшний гэрэл зураг, шууд дамжуулалтаар хамтран ажилладаг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хангах үйл ажиллагаа явуулдаг билээ. Товчхондоо нийслэлд болж буй бүхий л үйл явдлуудын гэрэл зургийг авч, өөрсдийн урын сандаа байршуулдаг. Ингэснээр бусад хамтран ажилладаг хэвлэлийн байгууллагууд тэднээс зураг, дүрсийг авч ашиглан үзэгч, уншигчдад бүтээл болгон хүргэдэг юм.
MPA агентлагийн үүсгэн байгуулагч, гэрэл зурагчин Б.Бямба-Очирын ярилцлагыг хүлээн авч уншина уу.
Гэрэл зургийг mpa.mn
Б.Бямба-Очир: Гэрэл зургаар дамжуулан үнэнийг мэдээлэх зарчим баримталдаг
-Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг өөрт чинь болон танай хамт олонд хүргэе. Ярицлагаа MPA агентлагийг үүсгэн байгуулах болсон санаа хаанаас төрж, юунаас сэдэл авсан бэ гэдгээс эхлүүлье?
-2005 оноос Өнөөдөр сонинд гэрэл зурагчнаар ажиллаж байсан. Тухайн үед гэрэл зургийн хулгай, оюуны өмчийн асуудал нэлээд тулгамдаж байсан. Учир нь миний авсан зургийг аль нэг хэвлэл мэдээллийн байгууллага шууд ашиглачихдаг байлаа. Үүнээс шалтгаалан оюуны өмчийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар судалгаа хийж эхэлсэн юм. Ингэхэд бусад улс орнуудад хэвлэл мэдээллийн гэрэл зургаар дагнасан агентлаг байсан. Эдгээр агентлагууд нь үйл явдлын халуун цэгээс гэрэл зураг дарж өөрийн улс болоод бусад орнуудын гэрээт хэвлэлийн байгууллагууддаа өгдөг. Тухайн үед манай улсад ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг агентлаг байгаагүй учир Монголд энэ стандартыг нэвтрүүлэх санаа гаргаж, 2013 онд Mongolian Press Agency буюу Mpa.mn сайтыг эрхлэн гаргасан.
-Өдөр тутмын ажилдаа ямар зарчим баримталдаг вэ?
-Гэрэл зураг бол үнэнийг харуулдаг. Текстэн мэдээг өөрчлөн уншигчдад хүргэхийг хүссэн өнцгөөрөө өөрчлөн бичиж болно. Харин гэрэл зураг бодит байдлыг үнэнээр нь харуулдаг. Тэгэхээр гэрэл зургаар дамжуулан үнэнийг мэдээлэх зарчмыг баримталдаг.
-Завсаргүй шахам өрнөдөг үйл явдал бүр дээр MPA агентлаг байнга л ажиллаж байдаг. MPA-ийн нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
-MPA-гийн нэг өдөр их завгүй өнгөрдөг. Ялангуяа өглөөний 11 цагаас Монголын бүх арга хэмжээ эхэлдэг. Ер нь цагтай уралдаж ажилладаг. Манайх сайт, сонин, сэтгүүл зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагуудад зургаа өгдөг учир хэрэглэгчдэдээ хурдан хүргэхийн тулд их хурдтай ажилладаг. Цаг үе болон үйл явдлаасаа хоцрохгүй байх шаардлагатай. Ямар нэг үйл явдал, арга хэмжээнд оролцож байгаа хүмүүсээс нь түрүүлж мэдээллээ түгээх зорилго тавьж ажилладаг.
Улс орон хөгжиж, эдийн засгийн боломж сайжирвал дэлхийн агентлагуудтай зэрэгцэж алхах зорилго тэмүүлэлтэй. Мэдээж боломж нь байгаа гэхдээ зорилгодоо хүрэхийн тулд манай эдийн засаг илүү хөгжингүй болох шаардлагатай гэдгийг ойлгож байгаа.

- “Mpa” гэх гэр бүлийг хэрхэн бүрдүүлж, баг хамт олноо ямар шалгуураар сонгож авдаг вэ?
- Сэтгүүлч, зураглаач мэргэжлийнхээ дагуу сурч байгаа оюутан залуучуудыг түлхүү ажиллуулахыг боддог. Ер нь манай салбарт мэргэжлийн боловсон хүчин дутагдалтай байгаа. Үүнээс шалтгаалан төгсөж буй суралцагчид гэрэл зурагт сонирхолтой залуусын хүсэл тэмүүллийг өдөөх зорилгоор найзуудтайгаа хамтран сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.
-Өнгөрсөн олон жилийн хугацаанд маш олон үйл явдал, арга хэмжээний зургийг танай баг авсан. Гэрэл зургийг сан хэр баялаг вэ? Гэрэл зурагт архив маш чухал шүү дээ
Зөвхөн сайтад гэхэд 2 tb-т /terabyte/ гэрэл зураг байршсан байгаа. Сүүлийн 3 жилийн хугацаанд видео нэмэгдэж байна. 1000 gb-т нь 1 tb-тай тэнцэнэ.
MPA агентлагийн гэрэл зургийн сурвалжлагч Д.Занданбат: Масс гэрэл зургийг хэт гялгараар төсөөлдөг
Миний хувьд сэтгүүлч мэргэжилтэй. Оюутан байхдаа гэрэл зураг сонирхдог байсан. MPA-д ажилд ороод зураг авч эхэлсэн. Гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаад 2 жил орчим болж байна.

MPA-ийн гэрэл зургийн сурвалжлагчийн нэг өдөр
Өглөө 10 цагаас эхлээд үйл явдалд очиж өдөрт 3-4 үйл явдлаас гэрэл зураг авдаг. Мөн нэмэлтээр гэрээт газруудынхаа ярилцлагын хөрөг зургийг нэмэлтээр авч өгдөг. Сэтгүүлчээр сурч байхад бичвэртээ гаргаж чадахгүй байсан өнцгийг гэрэл зургаар гаргаж болдог байсан. Тэгээд л зураг сонирхож эхэлсэн. Ер нь л манай ажлыг нэг өдөр маш завгүй, үйл явдлаас үйл явдлын хооронд өрнөдөг.
Масс гэрэл зургийг хэт гялгараар төсөөлдөг
Зургийг маань зөвшөөрөлгүй ашиглах тохиолдлууд үе үе гардаг. Ганц зураг боловч тэрхүү зургийг авахын тулд зурагчны нөр их хөдөлмөр, ур чадвар шингэсэн байдаг. Гайгүй зураг дарахад инстаграмын артиклиуд ч юм уу эсвэл сонин, зарим шинэ сайтууд шууд хулгайлаад тавьчихдаг нь таагүй санагддаг. Хэвлэл мэдээллийн салбарт гэрэл зураг мэддэг сэтгүүлч, редакторууд цөөрснөөс болж зургийн хулгай гардаг гэж бодож байна. Сүүлийн үед энэ зүйл ихсэх хандлагатай байгаа.

Оюуны өмчид хүндэтгэлтэй хандъя
Монголд зах зээл жижиг дээрээс нь гэрэл зургийн үнэлэмж бага байдаг. Хүмүүс тэр бүрчлэн ойлгодоггүй. Нийт масс гэрэл зургийг хэт гялгараар төсөөлдөг. Гэрэл зургийн утга агууламж, тодорхой зүйлийг илэрхийлдэг илэрхийлэмж болоод өнцгийнх нь үнэлэмж буурч байгаад эмзэглэдэг. Монголд сүүлийн жилүүдэд бусдынхаа бэлтгэсэн материалыг хулгайлж авах нт ихсэж байгаа нь таагүй санагддаг. Үүнд бүх талын хүмүүс анхаарч оюуны өмчийг дээдэлдэг байж хэвлэлийн салбарт ажиллаж буй хүмүүсийн бүтээл, хөдөлмөрт хүндэтгэлтэй хандаж байгаасай гэж хүсэж байна.
Хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг сэтгүүлч, гэрэл зурагчин, зураглаач, арын албанд ажилладаг бүхий л хүмүүс нэгэн цөм болж байж хэвлэл мэдээлэл гэх нэр томьёог салбартай нь хамт авч явдаг гэж боддог. Хэвлэлийн салбарт ажилладаг бүх хүмүүстээ хэвлэлийн эрх чөлөөний баярын мэндийг хүргэе.

Add Comment

Top