Мэдээ мэдээлэл

05 17

Хотын гудамжийг “амилуулагч”

Хотын гудамжаар хэн нэгэн рок хөгжим сонсч, хаашаа ч юм бэ яаран, ганцаараа...

05 08

“Маркны” Я.Нармандах

“Улсын гэрэл зургийн газар” гэдэг байгууллагатай байх үед тэндхийн гэрэл...

05 04

ГЭРЭЛ ЗУРАГЧИН Г.ЭРДЭНЭТУЯА: Гунигтай үйл явдлын зургийг уйлж, баяртайг нь инээгээд л авдаг даа

Гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяагийн “хадаас” зураг байдаг юм. Одоогоос 15 жилийн...

05 03

Б.Бямба-Очир: Гэрэл зургаар дамжуулан үнэнийг мэдээлэх зарчим баримталдаг

Хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжилга, ярилцлага, мэдээ гээд бүхий л...

М.МӨНХТҮШИГ – ХАР ЦАГААН СҮҮДРИЙН “ЦООРХОЙ”

2022/05/04


Хар, цагаан зургуудын гэрэл сүүдэр нь тухайн бүтээлийн гол объектийг жинхэнэ бодит оршихуй мөн гэдгийг тодорхойлох боловч зарим мөчид зүүд зөнгийн хэмнэлд шилжүүлэх шиг төсөөлөлд автуулах нь элбэг. Энэ бол гэрэл зурагчин М.Мөнхтүшиг, яруу найрагч Тө.Бямбасүрэн нарын хамтарсан “Цоорхой” гэрэл зургийн үзэсгэлэнгээс төрсөн сэтгэгдэл юм.

Алдарт гэрэл зурагчин Эллиот Эрвитт “Гэртээ сууж байхад чинь юу ч болдоггүй. Үргэлж камераа бариад явах нь давуу тал юм. Тухайн үед юу миний сонирхлыг татаж чадаж байна, түүнийг л би дардаг” хэмээсэн үгс гэрэл зурагчдын тухай энгийн үнэнийг өгүүлсэн, хамгийн оновчтой зөвлөгөөг өгсөн мэт санагддаг. Үнэхээр гэрэл зурагчин хүн гэртээ л суугаад байвал юу ч болохгүй шүү дээ.

Зохиолч хүн байнга уншиж, дуучин хүн үргэлж нот цээжилж байх ёстой. Үүнтэй адил гэрэл зурагчин камераа бариад гадагш гарах тохиолдолд онцгой зүйлсийг бүтээж чадна. Мэдээж энэ нь тухайн хүний сонирхол, мэдрэмжтэй холбоотой. Зарим нь баримтат гэрэл зураг байх бол цөөхөн хэсэг зөвхөн өөрийн мэдрэмжинд тулгуурлана. Бүтээлч ажил илүү үнэртсэн, урсгал чиглэлээр өөр, өөр байх нь мэдээж. Гэвч ямар ч зураг, дуу хөгжим, гэрэл зураг бүтээсэн эзнийхээ зан араншин дотоод сэтгэлтэй адил байх албагүй. Энэ ч бас л олон талын ойлголт.

Тиймээс энэ удаад гэрэл зурагчин М.Мөнхтүшигийн “Цоорхой” үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүдээс онцлон хүргэж байна.

АЯЛАГЧ



Хяргас нуур дээгүүр дүүлэн нисэх цахлай. Цаана нь их усан салхины аясаар хуйлран давалгаалж байгаа нь зургийг хөдөлгөөнд оруулж, ер бусын их эрч хүчийг нэмж өгнө. Мөнхүү тус цахлайн нисч байгаа зүгээс зүүн гар тийш хөөж харвал усны хөөс, түүн дээр туссан жижиг цагаан зураасууд шиг гэрлүүд олон шувууд алсад нисэж байх шиг мэдрэмжийг давхар төрүүлж байлаа.

Мэдээж ямар нэг байдлаар онцгой тохиолдол таарсан байлаа ч зурагчин энэ агшныг алдалгүйгээр буулгаж чадсан нь л гол зүйл. Шувууны цав цагаан өнгө, түүний дор хар хөх өнгөөр үелзэн давалгаалах их усан эсрэгцлын агуулгыг тодруулах ч аль аль нь хөдөлгөөнд захирагдахаас гадна, салхины эрчим мэдрэгдсэнээр уг зургийг амьтай, тус тусын агуулга нь хоорондоо салшгүй уялдаатай мэт сэтгэгдэнэ.

Зурагт буусан цахлай шувуу яг л салхийг эзэгнэж, нуур далайг тольдон яваа аялагч шигээр гол объект болсноос гадна урд нь буй их зай түүнийг хэрхэн хурдайгаар, уужим саруул тэнгэрийн хоосон зайд дүүлж явааг тодруулан гаргаж байна.

ГҮН ТАЙГА 



Ой модод, тэр тусмаа гүн тайга өөрийн доторх олон нууцтай. Тэднийгээ цаг ямагт бусдаас нууж, зарим улиралд өтгөн цагаан мананд шургуулан далдаж байх шиг санагддаг. Хүмүүс тайгын гүнээс өөрсдийн мэдрэмжийг хөглөх, зан араншин, сэтгэл зүйд нөлөөлж, бие сэтгэлийг ариусгах болон баллуурдаж мэдэх зүйл бүрийн шинж тэмдэгийг илрүүлэн нээдэг биз ээ.

Ямар боловч “Цоорхой” үзэсгэлэнгээс хамгийн түрүүнд сүрлэг их тайгын гүнд зогсож байгаад дурангийн нүдэнд багтсан тэрхүү чөлөөг буулгасан мэт эл зураг онцгой санагдаж байлаа. Гэрэл зураг гэхээс илүүтэй уран зураг болж сэтгэлд бууна. Доош чиглэлтэй бөхийсөн мөчрүүд нь их л эрт цагаас нүцгэрч, мананд шургалсан цоорхойн гүнээс ойн савдаг, эсвээс салаа эвэртэй буга гэнэт гараад ирэх юм шигээр догдлол төрөх нь уг гэрэл зургийн гоо сайхан, бараандуу өнгийг сүлсэн цайвар гэрлээс болсон болов уу.

ХҮН МОД 



Гэрэл зураг түүхэн баримтаас гадна өдгөө сэтгэлгээний урлаг болтлоо хөгжсөн. Тиймээс ч зурагчин хүн авч буй зургаа өөрийн шинэ санаанд тулгуурлан зохиомжилж, цэвэр уран бүтээлийн шинж чанарыг эрэлхийлдэг. М.Мөнхтүшигийг nude бүтээлүүд цэвэр уран бүтээлийн шинжтэй. Энэ нь дээрх зурагт ч тод илэрнэ.

Бид хэн нэгэн бурхан болоочийг цэцэг болон ургаж, бороо болон асгарч буйгаар төсөөлдөгөөс гадна уг агуулгыг тээсэн урлагийн бүтээлүүд олон. Тэдгээрийн гол санааг тээсэн онцлох нэгэн бүтээл бол дээрх зураг юм. Үндэс нь л ёрдойж үлдсэн тус мод түймэрт шатсан, эсвээс аянга ч буусан байж болох талтай. Цаана нь нүцгэн хүн яг л модноос ургасан шигээр, хоёр гараа тахирлуулж, арван хуруугаа сарвайлгажээ. Мөчир бүхнээ тэнгэр газар луу чиглүүлэн дээш тэмүүлэн ургаж буй нэгэн модыг одоо бид харж байна. Нөгөөтэйгүүр монголчууд байгальд илүү ойр, таньж мэдэж, уусан нэгдэж чаддаг хүмүүс болохыг уг зургаар илтгэсэн ч байж болох юм.

ЦАСАН НУРУУД



Уг зургийг говьд авчээ. Говийн элсэн махан, толгод, ухаа гүвээ нь аварга том амьтны нуруу, эрт галавын үеийн дүрс, дүрслэлийг сэтгэлд биежүүлэх нь олонтоо. Гэвч зурагт яг л мөсөн уулнууд, их усанд хөвж яваа мэт үзэгдэнэ. Тэрхүү их усан зургийн хавтгайн зүүн доод булан дахь хэсэгхэн газарт буй. Эсвээс дүрсний сарнилтын нөлөөгөөр нэг л нурууг олон үржүүлж, цаана, цаана нь давхар байрлаж аваачиж тавьсан юм уу гэх бодол ч дотор үүрлэнэ. Харин зурагчин нь “Цоорхой” үзэсгэлэнгийн бүтээлүүд анх буулгасан тэр хэвээрээ бөгөөд нэг ч фотошоп, эвлүүлгийн ажил ороогүй гэдгийг онцлон дурдаж байлаа.

Мэдээж гэрэл зураг өөрийн гэсэн хэлтэй байх ёстой гэж бодогддог. Тэрхүү хэлийг үүсгэгч нь гэрэл зурагчин хүний харц, бүтээх үйл явц бөгөөд арга барил, агуулга нэгдэсний дүнд уран бүтээлч шинж чанартай зургууд илүүтэй бий болдог. Тэгээд ч агшин төдий юмс үзэгдэл бүхэн гэрэл зурагт өөрийн төгс хэлбэрийг олох нь нэн ховор.



Үүнээс гадна М.Мөнхтүшигийн зургуудад оноосон нэр гэж үгүй. Харин агуулгатай нь холбогдох яруу найргийг зураг бүрийн дэргэд байршуулсан юм. Заримдаа уран зургийг заавал жаазлах албагүй байдаг шүү дээ. Тиймээс ч түүний зургууд заавал оноосон нэртэй байх нь зохиролтой биш. Гол нь сэтгэлгээний задгай хэлбэр, ур чадвар хосолсон мэдрэмжээс төрсөн ийм л зургууд гоёж гангалаад бүтээчихсэн дүр дүрслэл үгүй, үнэн төрхөөрөө байдаг.

Нөгөөтэйгүүр их эрчтэй, хөдөлгөөнтэй боловч хачин чимээ аниргүй, дүнсгэр мэдрэмжийг дотроо тээнэ. Чимээгүйгээс ургасан бүхэн хэзээд “үнэн”-ийг хүүрнэдэг шиг санагдана.

Add Comment

Top