Монголын малчин гэр бүлийн зургийг 20 жил авсан гэрэл зурагчин

2022/09/11


“Би Монголын уудамд талд дурласан” хэмээн өгүүлэх энэ эмэгтэйг Мацумото Ёшико гэдэг. Тэрбээр одоогоос 20 жилийн өмнө Монголд тэмээн жингээр нүүдэллэж буй малчин айлын гэрэл зураг авахаар Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд зорьсон түүхтэй.Монголын малчин гэр бүлийн зургийг 20 жил авсан гэрэл зурагчин
Анх 2001 онд Б.Чимэдрэгзэн гэх залуу малчных ам бүл дөрвүүлээ байсан бол 20 жилийн дараа наймуулаа болж, тэмээгээр нүүдэллэдэг байсан айл техникээр нүүдэг болжээ.

Айлын том охин Ч.Цэцэг тавхан настайдаа нүүдлээр ачаан дээр суугаад явдаг байсан бол өнөөдөр хань ижилтэй болж, Япон улсад ажиллаж, амьдарч байгаа аж. Гэрэл зурагчин Мацумото Ёшико “Хүний амьдралын 20 жил их урт хугацаа юм шиг мөртлөө харвасан сум шиг хурдан өнгөрчээ” хэмээн өгүүлнэ.

Тэрбээр “Хэдийгээр бидний гарт гэрэл зургийн камер байгаа ч камергүй юм шиг л гэр бүлийн нэг гишүүн нь болж, цаг хугацаагаа зориулж гэрэл зургуудаа авсан. Намайг хүүхэд байхад япончууд жижигхэн байшинд халуун дулаан уур амьсгалтай амьдардаг байсан. Монголд ирсэн чинь тэр хүүхэд насны дурсамжийг санагдуулж, нэг жижигхэн гэрт сайхан амьдарч байсан нь маш сайхан санагдсан” тухай ярилаа.

"Хөх тэнгэрт мандсан наран" нэртэй гэрэл зургийн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд өчигдөр /2022.09.09/ нээлтээ хийсэн нь энэ.
Монгол, Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Японы гэрэл зурагчин Шимизү Тэцүро, Мацүмото Ёшико, Асакүра Ясүнори, Савада Ноборү нар  Монгол орны тухай гэрэл зургийн хальснаа буулгаснаа ийнхүү олны хүртээл болгов.
"ГЭР БҮЛИЙН МААНЬ ТҮҮХ, ДУРСАМЖ ШУУД САНААД БУУЖ БАЙНА"

Малчин Б.Чимэдрэгзэнийх одоо Булган аймагт нутаглаж буй. Гэр бүлийнхээ аз жаргалтай мөчийг гэрэл зургийн хальснаа буулгасны хараад сэтгэл нь их хөөрч, догдолж байгаагаа илэрхийлж байв.
Тэрбээр “Сүүлийн хэдэн жил цар тахал гээд япон самгантайгаа уулзаж чадаагүй. Өнөөдөр уулзсан чинь маш сайхан байна” гэв. Б.Чимэдрэгзэн “Анх “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Л.Ганзориг Ховд аймагт Японы жуулчидтай ирж, малчин айл тэмээгээр нүүдэллэж буй зураг авахаар ирсэн. Тэгсэн тэр олон хүн дотроос хоёр жуулчин нь манайд жил бүр ирдэг болсон юм.
Одоо гэрэл зургийн үзэсгэлэнгээ харахад гэр бүлийн маань түүх, дурсамж шууд санаад бууж байна. Маш сайхан санагдаж байна. Японы гэрэл зурагчдад монгол ахуй тун өвөрмөц, сайхан санагддаг. Бид япон хэлээр ярьж чадахгүй ч хоорондоо маш сайн ойлголцоно” гэсэн юм.
НЭГ АЙЛЫН АМЬДРАЛААР МОНГОЛ УЛСЫН 20 ЖИЛИЙН ХӨГЖЛИЙГ ХАРУУЛСАН ГЭДГЭЭРЭЭ ОНЦЛОГ

Монголын “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Л.Ганзориг:
-Анх Япон улсаас гэрэл зураг сонирхдог жуулчид ирсэн. Тэгээд тэднийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд тэмээгээр нүүдэл суудал хийдэг малчныд дагуулж очиж байлаа. Тэр үед малчин айлууд одоогийнх шиг тог цахилгаан, машин тэрэгтэй байсангүй. Орой лааны гэрэлд халуун ам бүлээрээ сууна. Тэр айлын уур амьсгал нь халуун дулаан, сайхан санагдсан тухайгаа Японы гэрэл зурагчид маань хэлж байсан.
Тэр цагаас хойш 20 жилийн хугацаанд 40 гаруй удаа Монголд ирж, нэг айлын амьдралыг дагнаж авсан юм. Ер нь ийм гэрэл зурагчин бараг байхгүй. Анх тэмээ унаж, нүүдэллэдэг байсан бол 20 жилийн дараа “Приус” маркийн автомашинтай болсон байх жишээтэй. Нэг айлын амьдралаар Монгол Улсын 20 жилийн хөгжлийг харуулсан гэдгээрээ онцлог.


Add Comment

Top