Л.ЖАРГАЛСАЙХАН: ОЙРХОН, ДЭЭР, ХАЖУУД БАЙГАА ҮЗЭСГЭЛЭНТЭЙ ЕРТӨНЦИЙГ ХҮҮХДҮҮДЭД ХҮРГЭХЭЭР ЗУРГУУДАА ЦУГЛУУЛСАН

2020/03/24


Амралтын өдрөөр “Хүннү молл”-ыг зоригчдын анхаарлыг татсан нэг зүйл шувууд байлаа. “Шувууны Жаргал ба түүний нөхөд” шувууны гэрэл зургийн үзэсгэлэн энд гарчээ. Шувуу сонирхогчид олон юм аа. Ялангуяа бяцхан үзэгчдийн хувьд нисдэг андынхаа талаар мэдлэгээ зузаатгах сайхан боломж байлаа. Хотод харагддаг цөөхөн хэдэн жигүүртнийг бодвол уг үзэсгэлэнд олон төрлийн шувууд “зочилжээ”. Эндээс үзэлцэж байгаа шувууд, дэгдээхэйгээ дагуулсан “ээж” нар, гоо үзэсгэлэн, амьдралын төлөөх тэмцэл, эрх чөлөөний мэдрэмжийг олж үзэж болохоор байв. Үзэсгэлэнг санаачлагч Ламжавын Жаргалсайхан шувууны гэрэл зурагчин, шувуу сонирхогч нэгэн. Тэрбээр “Хүмүүс намайг шувууны Жаргал гэдэг. Гэхдээ энд гол баатрууд нь шувууд” гэж хэлсэн юм.Л.Жаргалсайхан ЗХУ-д Олон улсын харилцааны дээд сургууль төгсчээ. Гадаад яаманд 15 жил ажиллаж байгаад сүүлийн 20 жил уул уурхайг түшихдээ шувуунд дурласан гэнэ. Зургийн тайлбарууд нь хөгжилтэй. Сүүлт хөхбухандайг гэхэд л “Худгийн засварчид” хэмээн нэрлэжээ. “Сүүлт хөхбухандай гэдэг бяцхан найз нар маань цас мөс хайлж, хаврын горхи урсах цагт ээлжээ хүлээгээд л усанд орж байгаа нь энэ. Энэ шувуухайн бие 13-15 см урт байдгаас сүүл нь 7-9 см. Теннисны бөмбөг шиг жижигхэн, хурдан хөдөлгөөнтэй болохоор ойж буугаад дурангийн хараанд ордоггүй, зургийг нь буулгах гэж ядаж билээ. Үржлийнхээс бусад цагт бүлсэг, хамаатан саднаараа амьдардаг” хэмээн тайлбарлажээ. Үзэсгэлэнгийн эзэнтэй хэдэн хором ярилцлаа.


-“Шувууны Жаргал ба түүний нөхөд” үзэсгэлэн хэдийнээс таны бодол санаанд төрсөн бэ?

-Шувууны гэрэл зураг сонирхоод тав, зургаан жил болж байна. Би судлаач биш, зөвхөн гэрэл зураг сонирхдог хүн. Шувуу ажиглагчдын клуб гэж байдаг. Арваад жил үйл ажиллагаа явуулж байна. Нүүр номын 4000-5000 дагагчтай Монголын шувуу ажиглагчдын том бүлэг бий. Тэр клубын уулзалтууд жилдээ нэг, хоёр удаа болдог. Тэнд оролцоод явж байхад гурван жилийн өмнө надад нэг санаа төрсөн юм. Гадныхан манайд гоё гоё шувуудын зураг их авах юм. Яагаад бид өөрсдөө авч болдоггүй юм гэж бодоод, тэр үеэс олон улсад тоогдохоор сайхан зураг дарах гэж хичээсэн. Шувуу судлаач найз нарынхаа тусламжтайгаар идэвхитэй сурч байна. Шувууны гэрэл зурагчдын хүрээ ч тэллээ. Нөхөдтэйгээ нийлээд 480-аад шувууны зураг авчих шиг боллоо. Энэ мэдээллээ хүүхэд, багачуудад хүргэх юмсан. Шувуу гэдэг амьд ертөнцийн нэг том хэсэг. Ойрхон, дээр, хажууд байдаг гоё, үзэсгэлэнтэй ертөнцийг хүүхэд, багачуудад хүргэчих юм сан гэсэн санаагаар ноднин жилээс авахуулаад зургуудаа цуглуулсан. Мэргэжлийн гэрэл зурагчдын туслалцаатайгаар энэ үзэсгэлэнг зохион байгуулж байна. Бид авсан зургаа хүмүүст үзүүлэхдээ дуртай байлгүй яах вэ.Энэ үзэсгэлэнгийн гол баатрууд шувууд юм.


-Олон сайхан шувуудын зураг тавигджээ. Энд нийтдээ хэдэн шувуутай танилцах боломжтой вэ?

-Энд 12 зурагчны 57 бүтээл тавигдсан байгаа. 55 зүйлийн шувууны мэдээлэл орсон гэсэн үг. Монгол орны 490-ээд шувууны бараг арваад хувийнх нь мэдээлэл энд бий. Үүнийг хүүхдүүдэд хүргэхийн тулд зургаа том, нам дор байрлуулаад, товч тайлбартайгаар хүргэж байна.

-Шувуу байтугай амьтны зураг авахад хэцүү шүү дээ. Та яаж энэ жигүүртнүүдийн зургийг дурандаа буулгаж авч үлдээд байна вэ?

-Ер нь хүн нэг юманд төвлөрөх юм бол юуг ч чадна. Би шувууныхаас өөр зураг авдаггүй. Камер, аппарат, дуран зохицсон байх ёстой. Манайхан камер, дурангаа эхэлж авчихаад, дараа нь сэдвээ сонгох гэдэг. Тийм биш, яг эсрэгээрээ. Их цаг хүч оролгүй яах вэ. Ялангуяа эхний хоёр жил сайн, муу янз бүрийн зурагтай л явсан. Одоо ч нэг өдөр мянга гаруй кадр авахад дөрөв, тав нь л сонгогдож үлддэг.

-Юу таныг шувуу сонирхоход хүргэв?

-Би уул уурхайн байгаль орчны асуудал хариуцаж байсан юм. Биологийн нөхөн сэргээлт ямар үр дүнд хүрсэнийг мэдмээр санагдсан л даа. Хүмүүс уул уурхайнхныг байнга шүүмжилдэг. Гэтэл тэд байгаль орчныг боломжийн хэмжээнд нөхөн сэргээж чадаж байна уу, үгүй юу гэдгийг үзэхээр шийдээд ШУА, ХААИС-ийн залуу эрдэмтэдтэй хамтран ажиллаж эхэлсэн юм. Тэр ажлынхаа явцад шувуу сонирхож судалдаг залуу эрдэмтэдтэй танилцаж, хамтарч ном товхимол гаргасан юм. Тэгэхэд тэд зургаа үзүүлсэн. Энэ зургийг яаж авдаг юм бэ гэсэн чинь ингэж ингэж авдаг гээд зааж өгсөн юм. Түүнээс сэдэл авсан. Эхний хоёр жил камер, дурангаа ч мэдэхгүй будилсан. Дараа нь шувуу судлаач багш нар залуучуудтай танилцаад одоо бол зургийн чанар гайгүй болж байгаа байх. Энэ долоо хоногт хээрийн бүргэдийн зураг авсан юм. 120-иод кадр дарсан. Нэг, хоёр л кадр авч үлдсэн. Энэ зургийг нэтээр 24 цагийн дотор 60 мянган хүн үзчихэж байгаа юм. Монголын хээрийн бүргэдийг гадаад ертөнц мэдэхгүй. Үүнийг таниулж мэдүүлж байна гэж өөртөө л боддог юм. Сайхан шүү дээ. Баянцогтын цаахна Хустай руу эргэдэг замаас ойрхон тариан талбайд авсан зураг л даа.

-Шувууны зураг авахад хамгийн гол нь юу вэ. Тэвчээр шаардах байх л даа?

-Тэвчээр, тууштай чанар шаардагдана. Маш их хүлээх хэрэгтэй болдог. Аажуухан ойртох ёстой. Шувуу тайвшрах учиртай. Үргээж, хөөж болохгүй. Амралтын өдрөөр оройгоор яваад хархираа тогорууны зураг авах гээд чадсангүй. Гурван тогоруу таарсан юм л даа. Үзэсгэлэн дуусаад ирэх хагас, бүтэн сайнд явна даа.

-Хотод шувуу олж харах амаргүй. Шувууны жиргээ анзаарч сонсолгүй явах нь олонтаа. Та хотод бол хаанаас шувууд олж хардаг вэ?

-Биднийг багад хотод ногоон байгууламж ихтэй байлаа. Ордны арын цэцэрлэг, МУИС-ийн арын цэцэрлэг, “Гутлын 22”-ын ард талд жимсний мод мойл, моносны модод дээр өвөл шувууд их ирдэг байсан. Одоо бол харьцангуй багассан л даа. Манай хоёр зээ шувуу харна гээд тагтан дээрээ хоол тавьдаг юм. Түүн дээр долоо, найман шувуу ирнэ. Хөх бух, бялзуухай, боршувуу, шаазгай, хэрээ ирнэ. Хотод байдаг арваад шувуу ойрхон байгаа. Хотод ойрхон Сонгинод өмнө нь бургас мод ихтэй үед сайхан байлаа. Гачуурт, хойшоо цэргийн амралт байна. Хүн сонирхсон юмаа олоод авна аа. Орон нутгийн хувьд би Баян-Өлгийгөөс бусад аймгаар нэлээд явсан.

-Ямар үед таны сэтгэл хөдөлдөг вэ?

-Үзэж хараагүй шувуу л ер нь их гоё байдаг. Монголд урьд нь бүртгэгдэж байгаагүй шувуу таван жил болоход ганц нэг таарсан. Зургийг нь авч байгаагүй, хараагүй үзээгүй шувуу харахаараа их баярладаг. Энэ ямар шувуу вэ, ямар ч байсан зургийг нь аваадхая гэдэг. Гэртээ ирээд ном лавлахаас шүүж, тогтоож чадахгүй бол найз нартаа хандана. Найз судлаач нар маань тодорхойлохгүй бол гадны судлаачдаас асууна. Ингэж суух ёстой гоё.

-Шувуу ажиглах гэдэг аялал жуулчлалын нэг хэв маяг болжээ. Юу нь тэгж сонирхол татдаг юм бол?

-Миний бодлоор бол нүүдэлчдийн соёл, суурин соёлын ялгаа байх шиг байна. Манайхан шонхор, харцага, бүргэд гээд махчин шувуу сайн мэддэг. Бургасны жижиг шувууд, усны шувуудыг бага анзаардаг бол тариачин удамтай Европынхон бол жимсний мод хамгаалах үүднээс жижиг шувуудыг маш сайн мэддэг байх жишээтэй. Англи, Америкт зуугаад жилийн өмнө анх “Амьтан агнахаа больё, зургийг нь л авъя” гэсэн хөдөлгөөн өрнөжээ. Цахим, техник хэрэгсэл, дуран сайжирч байна. Сүүлийн арваад жил аз дайрсан хэн ч ямар ч мундаг зурагчингаас илүү зураг авах боломжтой болсон. Зам харилцаа сайжирч байна. Хоноод хүрдэг байсан Хөвсгөл рүү 40-50 мянгаараа явж байна шүү дээ. Сайн ч муу ч байсан хүмүүсийн амьжиргаа, соёлын түвшин дээшилж байна. Гол нь үзэсгэлэн дээр харж байхад хүүхэдтэй хүмүүс их ирж байгаад баяртай байна гэв.



Add Comment

Top