Монголын гэрэл зурагчид 80 жилийнхээ түүхийг дэлгэлээ

2020/04/27


Монгол Улсад Гэрэл зургийн алба үүссэн түүхт 80 жилийн ой энэ өдрүүдэд тохиж байна. Уг түүхэн ойн хүрээнд МГЗНХ-оос олон ажил санаачлан зохион байгуулсаны нэг нь "Монголын хэвлэл мэдээллийн гэрэл зурагчид" ном болоод үзэсгэлэнгийн нээлт байв. 
Гэрэл зураг бол түүхийн бодит гэрч, засваргүй үнэнийг өгүүлж байдаг. Үүнийг ойлгож, ач холбогдол өгдөг учир Монголд гэрэл зургийн алба үүссэний тэгш ойг тэмдэглэсээр ирсэн түүхтэй. Гэсэн хэдий ч энэ салбарын хөдөлгөгч хүч болсон гэрэл зурагчид, фотосэтгүүлчдийн түүх намтар, уран бүтээлийн өвийг хадгалах, судлах тал дээр учир дутагдалтай явсаар ирсэн юм. Иймд МГЗНХ-ноос 106 гэрэл зурагчдын намтар, уран бүтээлийг багтаасан 450 нүүр бүхий "Монголын хэвлэл мэдээллийн гэрэл зурагчид" номыг өлгийджээ.
 
"Монголын хэвлэл мэдээллийн гэрэл зурагчид" номын редакцынхан хэлэхдээ, 
- "Монголын хэвлэл мэдээллийн гэрэл зурагчид" хэмээх энэхүү цомгийг гэрэл зурагт хайртай, гэрэл зургаар гэгээн оюунаа хөглөдөг Та бүхний гар дээр хүргэж буйдаа сэтгэл хангалуун байгаагаа энэ дашрамд дурьдах нь зүйтэй. Номын нэрнээс харсан ч энэхүү хамтарсан бүтээлд хэвлэлийн гэрэл зурагчдын зураг бүтээлийн дээж, намтар түүх орж буй нь анзаарагдах биз ээ. Гэрэл зургийн тухайд анхны томоохон хэмжээний товхимол, магадгүй судалгаанд нэмэр болохуйц энэхүү номыг цааш үргэлжлүүлж, салбар, сэдэв бүрээр баяжуулан, илүү дэлгэрэнгүй, илүү тодорхой, илүү үнэ цэнэтэйгээр хэн нэгэн хийгээд хэсэг бүлгээрээ нийлж гаргахыг үгүйсгэх аргагүй.
Та бидний хамтдаа бүтээсэн 80 жилийн түүхэн хуудсыг эргүүлэн сөхвөөс, Монголын сэтгүүлзүйн бие даасан төрөлд гэрэл зураг нь 1930-аад оноос зүй ёсоор багтаж, хөгжих үндэсээ тавьсан байдаг. Улмаар 1957 оноос гэрэл зургийн сарбарыг улс орны хэмжээнд болсон онц чухал үйл явдлыг баримтжуупж, хэвлэн нийтлэх зорилгоор Хэвлэл мэдээллийн гэрэл зураг, Нийтийн ахуйн үйлчилгээний чиглэлээр ард иргэддээ үйлчилдэг үндсэн хоёр чиглэлээр хөгжүүлэх болсон.
Зарим ахмад зурагчдын бүтээл олдоогүй тул энэ удаагийн цомогт оруулж чадаагүйг хэлэх хэрэгтэй. Хэл чимээ дуулаагүй, дуулсан ч завдал болоогүй, эзэн нь үгүй тул бүтээл нь олдохгүйн бэрхшээл гээд аливаа шалтгаанаар энэхүү номоос хоцорсон бүхнээс хүлцэл өчиж байгааг хүлээн авна хэмээн найдаж байна. 
Үүний сацуу бидний гэрэлт ирээдүй өнгөрсөн түүх хийгээд өнөө цагийн алтан хэлхээс дээр гагнагдаж үргэлжилдгийн учгийг баринтаглаж, гэрэл сүүдрийн түүхийг бичилцэж явсан ахмад фоточдоос анхдагч болох Богд хааны гэрэл зурагчин С.Дамбийжанцан, Раднаабазар 1930 оны Д.Жигжид, Б.Дэмбэрэл /кино зураглаач/ нар, анхны фото сурвалжлагч Б.Чойжинням, "Үнэн" сонины фото зурагчин Ж.Найдан, Б.Лувсанжамц, Улсын гэрэл зургийн газрын фото сурвалжлагч нараас Э.Алтанбулаг, С.Баяраа, Цэрэндорж, Жамсран, Дугарсүрэн, Бат-Эрдэнэ, Батболд, Алтай, Өлзий, Н.Дорж, Цэвээндорж, Ж.Баярсайхан, Бямбаа, О.Дуламсүрэн, Р.Энхбат, "Хөдөлмөр" сонинд ажиллаж байсан Ж.Чойжоо, Г.Ичин, Д.Баясгалан, Ч.Лосол, Ү.Дамдинсүрэн, Р.Даваажав, Х.Чүлтэм, Дамчаабадгар, Ч.Намхай, Л.Туяа, Н.Пүрэвдаш "Залуучуудын үнэн" сониноос Ц.Агваанцэрэн, Л.Болд, Д.Пушкин, Н.Дорж, С.Лувсаншагдар "Улаан-Од" сонинд Б.Батаа, Жаргалсайхан, Цэндэв, Дашдорж, Баярсайхан, Цэнджав, Бумбар "Улаанбаатар" сонины С.Сампилноров, Д.Эрдэнэ-Очир, МОНЦАМЭ агентлагт ажиллаж байсан гэрэл зурагчдаас Ядамсүрэн, Ёндон, Ш.Алтансүх, Л.Батаа, Д.Дэлэгням, Ичинноров Улсын хэвлэлийн газрын зурагчин С.Баатар, С.Төрбат, Чулуунбат нарыг онцлон түүхэн цомгийнхоо эхэнд ийнхүү алдар нэрийг нь мөнхөллөө" гэсэн юм.
Харин үзэсгэлэнгийн тухайд хот, хөдөөгийн хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байсан, ажиллаж байгаа 160 гэрэл зурагчны нэг, нэг бүтээлийг дэлгэн харуулсан өргөн цараатай онцлог үзэсгэлэн болсон юм. "Q арт" галлерейд нээлтээ хийсэн тус үзэсгэлэнд үе үеийн гэрэл зурагчид хүрэлцэн ирсэн билээ.




















22

Зураг






Add Comment

Top