Ж.ДАВААСАМБУУ

2020/04/30


Жаалхүү ДАВААСАМБУУ

1929 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. Зураач, зураг засварчин, гэрэл зурагчин мэргэжилтэй. 1947 оноос гэрэл зураг авч эхэлсэн. 1943-1946 онд Багш нарыг бэлтгэх сургуулийг бага ангийн багш мэргэжлээр, 1943-1946 онд Зураачийн дамжаанд оройгоор суралцаж Гуравдугаар зэргийн зураач, 1962-1967 онд УБДС-ийн Зураг, шугам зургийн багшийн ангийг улаан дипломтой, 1952-1953 онд Офсет хэвлэлийн фоторепродукцийн мэргэжлийг Москва хотын үлгэр жишээ нэгдүгээр үйлдвэрт, 1960 онд Гүн хэвлэлийн фоторепродукцийн зураг засварын мэргэжлээр БНАГУ-ын Дрезден хотын “Ард түмний найрамдал” хэвлэх үйлдвэрт тус тус суралцаж төгссөн. 1947-1952 онд Говь-Алтай аймгийн Дүрслэх урлаг, гэрэл зургийн салбарт зураач, гэрэл зурагчин, 1952-1960 онд Хэвлэлийн комбинатын зургийн цехэд мастер, 1961-1973 онд Гүн хэвлэлийн фоторепродукцийн цехэд бригадын ахлагч, ретушчин, 1973-1976 онд Засгийн газрын хэвлэх үйлдвэрт хэлтсийн дарга, техник редактор, 1976-1982 онд БНМАУ-ын ШУТУХ-ны Байгаль хамгаалах хэлтэст мэргэжилтэн, 1982-1990 онд МБОХН-ийн төв зөвлөлд зааварлагч, 1992-2006 онд Байгаль орчны Улсын байцаагч, “Бөх” сонинд орон тооны бус гэрэл зурагчнаар ажиллаж байв.

1972 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, Ардын хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн медаль, 1970 онд “Хэвлэлийн тэргүүний ажилчин” цол тэмдэг, 1981 онд “Алтан гадас” одонгоор шагнуулжээ. Гэрэл зургаараа 1980 онд Москвагийн олимпийн фото уралдаанд /1000 зурагчин оролцсон/ “Эрийн гурван наадам” бүтээлээрээ диплом, мөнгөн медаль, мөн ондоо “Үнэн” сонины гэрэл зургийн уралдааны тэргүүн байрын шагнал хүртэж байсан амжилттай. 1955 оноос ил захидал, шуудангийн маркуудын зургийг авч эхэлсэн байна. 1971 онд “Үндэсний бөх 50 жил”, 1976 онд “Үндэсний бөх 55 жил”, 1991 онд “Үндэсний бөх 70 жил” номуудын гэрэл зургийг бэлтгэн, боловсруулжээ. Мөн “Монгол бөхийн хөгжил”, “Их асарын өмнө”, “Улсын баяр наадам” номуудын гэрэл зураг, 2009 онд “Зууныг эзэгнэсэн бөхчүүдийн зурган намтар”, 2014 онд “Бөхчүүдийн нэвтэрхий толь” 100 зураг орсон, Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь-1, Д.Майдар “Памятники истории и культуры Монголии”, Д.Майдар “Графика Монголии” гэрэл зураг макет, Д.Майдар “Шаги стройтельства” гэрэл зургийн макет, М.Туяа “Цвет архитектуры” гэрэл зураг макет, Макс Веллийн “Монголын тухай” номын гэрэл зураг, ЗХУ-ын газар зүйн хэвлэл “Мысль”-д байгалийн зураг, Ю.Цэдэнбал “Социалист хөгжлийн түүхэн замнал” номын техник редактор конструкцийг хийж шилдэг номоор шалгарсан ба Монгол орны анхны “Улаан ном”-ын гар болон гэрэл зургийг бэлтгэн боловсруулсан байна. 2010 онд “Монголын сайхан орон”, 2013 онд Улаанбаатар музейд гар болон гэрэл зургийн бие даасан үзэсгэлэнгээ дэлгэж байв.

Бүтээлийн дээжээс


Add Comment

Top