Б.СҮХЭЭ

2020/05/05



Банзрагч СҮХЭЭ

1936 онд Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд төрсөн. 1956 оноос зураг авч эхэлсэн. Чех улсад өнгөт гэрэл зургийн мэргэжил дээшлүүлэх курст сурч ирээд Монголд анхны өнгөт гэрэл зургаар үйлчлэн шавь нар дагуулан сургаж, бүх аймаг сумдад илгээж байсан ба Москвад гэрэл зургийн курст суралцаж төгсчээ.

1955-1956 онд Кино үйлдвэрт нэрт найруулагч Д.Жигжид гуайн дагалдан, туслах оператор, 1956-1983 онд Улсын Гэрэл Зургийн Газарт анхдагчаас нь ахмад хүртэл ажилласан. 1983-1993 онд Мэдээлэл Радио Телевизийн Улсын хорооны Гэрэл зургийн ерөнхий редакцид фото сурвалжлагчаар, 1993-2003 онд чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байсан манай нэрт гэрэл зурагчин.

БНМАУ-ын Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, Ардын хувьсгалын 40, 50, 60, 70 жилийн ойн медаль, VII таван жилийн гавшгайч 1, Ахмадын хүндэт тэмдгээр тус тус шагнуулж байсан. Гэрэл зургаараа 1959 онд Унгар улсад зохиогдсон Олон улсын гэрэл зургийн уралдаанд оролцон, анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч, Монголын гэрэл зургийн урлагийг дэлхийн тавцанд анхлан таниулж өгсөн. ЗХУ-ын ”Правда” сонины Олон улсын мөнгөн медаль, Ц.Батзоригийн нэрэмжит уралдаанд нэгдүгээр байр, Өвөр Монголд болсон гэрэл зургийн уралдааны шагналт байр эзэлсэн зэрэг амжилтуудыг үзүүлж байжээ. Улс, хувьсгалын 40, 50, 60 жилийн ойн альбом ном, ойн үзэсгэлэн /хамтарсан/, “Хүүхдийн нэвтэрхий толь” /хамтарсан/, ”Монголын хүүхдүүд” /хамтарсан/ зэрэг ном, цомогт оролцож байсан.

Монголынхоо бүх аймагт үзэсгэлэнгээ дэлгэж, Хятадын Хөх хот, Эрээн, Шилийн гол зэрэг газар 2012 онд үзэсгэлэнгээ гаргаж байв.

Бүтээлийн дээжээс


Add Comment

Top