Л.САНЖМЯТАВ

2020/04/29



Ловуу САНЖМЯТАВ

1938 онд Улаанбаатар хотод төрсөн. Сэтгүүлч мэргэжилтэй. 1956 оноос гэрэл зураг авч эхэлсэн. 1962-1966 онд МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимд суралцаж төгссөн. 1967 онд ЗХУ-ын ТАСС агентлагт сурвалжлагчийн курс, 1980 онд БНАГУ-ын гэрэл зургийн агентлагт мэргэжил дээшлүүлэх курст суралцсан. 1957-1962 онд “Найрамдлын зам” сонинг анх байгуулагдахад гэрэл зургийн сурвалжлагч, 1966-1967 онд МРТУХ-ны Монголын радиод сурвалжлагч, 1967-1980 онд МОНЦАМЭ агентлагийн Гэрэл зургийн ерөнхий редакц анх байгуулагдахад фото редактор, фото сурвалжлагчаар, 1982-1987 онд Үнэ стандартын улсын хорооны чанарын удирдлагын кабинетэд гэрэл зурагчин, 1987-1992 онд Урлагийн ажилтны холбоонд гэрэл зургийн сурвалжлагч, 1992-1996 онд Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд гэрэл зургийн сурвалжлагчаар ажиллаж байсан.
1971 онд Ардын хувьсгалын 50 жилийн ойн медаль, 1971 онд Цагдан сэргийлэх байгууллагын 50 жилийн ойн хүндэт тэмдэг, 1972 онд МХЗЭ-ийн 50 жилийн ойн хүндэт медаль, 2011 онд МСНЭ-ийн 60 жилийн ойн медаль, 2013 онд Үндэсний сэтгүүлзүйн 100 жилийн ойн медаль, 2013 онд Алтангадас одонгоор шагнуулжээ. Гэрэл зургийн бүтээлээрээ 1970 онд “Лениний сургаалийн ялалт” уралдаанд тэргүүн байр, 1971 онд “Спортын мэдээ” сонины уралдаанд тэргүүн байр, 1971 онд “Үнэн” сонины уралдааны “Хоёр өндөрлөг” бүтээлээр тэргүүн байр, 1974 онд “Улаан од” сонины уралдаанд гуравдугаар байр, 1974 онд Монголын эмэгтэйчүүдийн байгууллагын 50 жилийн ойн уралдаанд дэд байр, 1977 онд Октябрийн хувьсгалын 70 жилийн ойн уралдаанд тэргүүн байр, 1982 онд Монголын архитекторчдын Хоёрдугаар их хурлыг угтан зарласан фото уралдаанд дэд байр, 1985 онд “Монголын залуучуудын үнэн-85” уралдаанд гуравдугаар байр, 1986 онд “Үйлсийн сайхан Улаанбаатар” сэдэвт “Улаанбаатарын мэдээ” сониноос зарласан уралдаанд гуравдугаар байр, 1982 онд Монголын түлш, эрчим хүчний салбар үүсч хөгжөсний 60 жилийн ойд зориулсан уралдаанд гуравдугаар байр, 2014 онд Монголын Архитекторын Эвлэлээс зарласан Улаанбаатарын хөгжил бүтээн байгуулалт сэдвээр зарласан уралдаанд гуравдугаар байрын шагнал тус тус хүртсэн амжилт гаргажээ. 1974 онд Берлин, Софи, Прага хотод гаргасан социалист орнуудын гэрэл зургийн агентлагуудын хамтарсан үзэсгэлэнд “Монгол бүсгүй”, “Улаанбаатар” зэрэг бүтээлээр оролцсон, 1983 онд “Энх тайван найрамдал” сэдэвт “Фото-83” хамтарсан үзэсгэлэнд оролцсон ба 2012 онд “Хотын хүний зураг” сэдэвт бие даасан үзэсгэлэнгээ дэлгэсэн. 2012 онд Монголд сэтгүүлзүйн 100 жилийн ойн гэрэл зургийн хамтарсан үзэсгэлэнд мөн оролцжээ.



Бүтээлийн дээжээс


Add Comment

Top