Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Н.Нанзаддоржийг томилов

2024/01/18



УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг томилох болон чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ-ын 2022 оны нэгдүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс нэр дэвшүүлсэн Д.Жавзандоржийг баталсан ч тэрбээр Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамбын мяндаг тушаалыг хашиж, улмаар Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн оны наймдугаар сарын 25-нд Ерөнхийлөгчид гаргасан тул уг орон тоонд Н.Нанзаддоржийг нэр дэвшүүлсэн юм.


Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчид хандаж хэлсэн үгэндээ тус байгууллагын уран бүтээлчдийн эрх ашгийг хамгаалах, олон нийтийн мэдэх эрхийг хангах чиглэлд анхаарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж байв. Ингээд тус томилгоог дэмжиж буй эсэх талаар санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.

Ноовойн Нанзаддорж нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. Тэрбээр 1981-1990 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 47 дугаар дунд сургуулийг төгссөн. 1991-1995 онд Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацанд шавилан сууж, 1995-2000 онд БНЭУ-ын "Goman Monastery University" (Datsan)-гийн парчин дамжааг, 2000-2002 онд тус сургуулийн зод дамжааг, 2002-2004 онд умын дамжааг тус тус дүүргэсэн. 2008 онд буддын гүн ухааны гавжийн дамжаа барьсан. Н.Нанзаддорж 2005-2008 онд Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд Захиргааны тэргүүлэгч, 2008-2016 онд тус хийдийн дэд хамба, 2005 оноос хойш Гандантэгчэнлин хийдийн Дашчойнпэл дацанд багшилж буй юм.

Add Comment

Top