“ULAANBAATAR PHOTO WEEK-2024” ҮЗЭСГЭЛЭН АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2024/03/28


Соёлын яамны дэмжлэгээр 2024 оны 3-р сарын 19-24-ний өдрүүдэд “Ulaanbaatar Photo Week-2024” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулав. Уг арга хэмжээнд бэлтгэх ажлын хүрээнд Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу “Уран сайхны зөвлөл” нь үзэсгэлэнд оролцохоор ирсэн бүтээлүүдийг уран бүтээлчийн нэргүйгээр хүлээн авч танилцан, сонгон шалгаруулж, 140 гэрэл зурагчны ирүүлсэн 3000 гаруй бүтээлээс 80 уран бүтээлчийн 620 гэрэл зургийг шилж үзэсгэлэнд тавьж олон нийт, үзэгчдийн хүртээл болгов.
Энэ жилийн үзэсгэлэн арга хэмжээнд бүтээлүүдийн олонх буюу 70 гаруй хувь залуу уран бүтээлчдийн гэрэл зургууд байгаа нь гэрэл зураг сонирхогч, бүтээгчид залуужиж, монголын гэрэл зургийн салбарт уран бүтээлийн шинэ урсгал, чиглэлүүд түрэн орж ирж буйг харуулав. Үзэсгэлэнгийн үед өдөр бүр тусгай сэдэвт хэлэлцүүлэг, уулзалт, сургалтууд үр дүнтэй, өргөн хүрээтэй болов. “Press Photo Day” хөтөлбөрөөр хэвлэлийн гэрэл зурагчдыг онцолж, фото сэтгүүлчдийн төлөөлөл үзэгч, сонирхогчдод бүтээлээ танилцуулан, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав. Уг арга хэмжээг 1990-2010-аад онд өдөр тутмын сонин хэвлэл, агентлагуудад ажиллаж байсан туршлагатай, дунд үеийн төлөөлөл, фото сэтгүүлчдийн "Press 36 " клубээс зохиож, хэвлэл, мэдээллийн гэрэл зургийн уламжлалыг бэхжүүлэх, залгамж, залуу үеэ бэлтгэх, сургахад анхаарч буйгаа танилцуулж, хэвлэлийн гэрэл зураг авах, боловсруулах, зах зээлд зохиогчийн эрхийн дагуу нийлүүлэх, борлуулах зам, тулгарч буй бэрхшээл, олж буй амжилт, үр дүн, анхаарах асуудлын талаар хэлэлцэв. “Youth Photo Day” өдрийн хөтөлбөрөөр залуусын клуб, бүлгэмүүд болон чөлөөт уран бүтээлч, гэрэл зурагчин залуус гэрэл зурагчид, сонирхогчид, үзэгчдийн дунд “Залуу гэрэл зурагчдын бүтээл, хэрэгцээ, нийгмийн чиглэлтэй гэрэл зургийн аян арга хэмжээг зохион байгуулах туршлага, боломж” сэдвүүдээр хэлэлцүүлэг хийж, залуу гэрэл зурагчид түүхэн цаг үеийн уламжлалыг эргэж харах, одоогийн өөрсдийгөө таних нь цаашдынхаа зорилгыг тодорхойлох, хөгжихөд чухал нөлөөтэй гэсэн дүгнэлтэд хүрч байв. Мөн 2023 оны “Ulaanbaatar Photo Week-2024” нэгдсэн арга хэмжээ нь монголын гэрэл зургийн түүхэн хөгжлийг харуулсан, бүр техник хэрэгсэлтэй нь үзүүлснээрээ залуучуудад өмнөх түүхээ мэдүүлэх илүү ач холбогдолтой, үр дүнтэй байсан тухай ч дурдсан юм. Залуус гэрэл зургийг хөгжүүлэхэд мэргэжлийн байх, урлагийн байх, үзэгч сонирхогчдод хүргэх ажлыг хүртээмжтэй болгох, гэрэл зурагчид уран бүтээлчдээ дэмжих, бүтээлийг нь таниулах, сурталчлах, эдийн засгийн үр өгөөжтэй болгох шаардлагатай байгааг ярьж байв. Уг хэлэлцүүлэгт ШУТИС, МУБИС, СЭЗИС, СУИС, Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийн оюутнууд нарын 100 гаруй хүн оролцов. Залуусын өдөрлөгт арга хэмжээнд бусад өдрүүдээс илүү олон гэрэл зураг сонирхогчид, үзэгч, сонирхогчид ялангуяа залуус олноороо ирсэн нь ажиглагдлаа. "Go Mongolia Day" өдрийн хөтөлбөрөөр Монголд аялал жуулчлал хөгжүүлэх, гадаад, дотоодын аялагчдыг татах зорилгоор хэрэгжүүлж буй төсөлд хамтран ажиллах хүрээнд "Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд шаардлагатай гэрэл зургийг цахим болон бусад хэлбэрийн сурталчилгаанд ашиглах арга зам, оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалуулах асуудалд" сэдэвт хэлэлцүүлгийг Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, аялал жуулчлалын салбарын аж ахуйн нэгж компаниудын төлөөлөл, гэрэл зурагчид, сонирхогчид хамтран зохион байгуулав. Арга хэмжээний үеэр Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж, цаашдын ажлын мөр төлөвлөгөөг тохирлоо. "International Photographer Day" хөтөлбөрөөр үзэсгэлэнд оролцсон гадаад улс орны гэрэл зурагчдын бүтээлтэй танилцах ажлыг зохион байгуулав. Израилийн гэрэл зурагчин Ашер Свиденский “Өв залгамжлагч” үзэсгэлэн, Австралийн гэрэл зурагчин, судлаач доктор Жерри Галеа “Оршихуй” үзэсгэлэнгийнхээ талаар танилцуулга хийв. Мөн Япон улсын гэрэл зурагчин Шимузү Тэцүро нарын 60 гаруй бүтээл үзэгчдийн хүртээл боллоо. Мөн "International Photographer Day" хөтөлбөрт Гадаад харилцааны яамны Ахмадын хорооны гишүүд, зочид оролцож үзэсгэлэн үзэж сонирхсон ба энэ үеэр тус Холбооноос зочдод байгаль, цаг уурын өөрчлөлт, цас зудын гэрэл зургийн сурвалжлага хийх нийгмийн нөлөөллийн ажлын төлөвлөгөөг танилцуулж, хамтран ажиллах , төсөл хэрэгжүүлэх талаар санал тавив. "Photography History Day" хөтөлбөрөөр "Түүхэн зургийн ач холбогдол, үнэ цэн” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулж “Улаанбаатар хотын орон зайн өөрчлөлтийг гэрэл зургаар тодруулах нь “,“Жигмэд Жамбалоны гэрэл зураг гэгч зургийн тухай”, “Эрдэнэ дайчин чин ван Х.Жамбалдоржийн нэгэн зураг”, “Төрийн ёслолын анхны гэрэл зурагчин Пунцагийн Шагдарсүрэн” илтгэлүүдийг хэлэлцүүлэв. Энэхүү нэгдсэн үзэсгэлэн арга хэмжээ нь зургаан өдрийн турш үргэлжилж, олон нийтэд гэрэл зураг сурталчлах, гэрэл зургийн урлагийг таниулах, соён гэгээрүүлэхэд чиглэсэн “Opening day”, “Press photo day”, “Youth photo day”, "Go Mongolia day", "International photographer day", "Photography history day" хөтөлбөрүүд зохион байгуулсан бөгөөд уг арга хэмжээнд 500 гаруй хүн оролцож, үзэсгэлэнг нийтдээ 2800 гаруй хүн үзсэн байна. Үйл ажиллагааг 5 телевиз, Монцамэ, Гамма, Мопа агентлагууд, мэдээллийн 7 сайт, богино долгионы 3 радио сурвалжилж, 13 фейсбүүк пэйжээр мэдээ, мэдээлэл лайв дамжуулж ажиллав. Арга хэмжээ тус бүрийг лайваар шууд дамжуулан үзүүлсэн ба нийтдээ 8,000 гаруй хүн үзэж сонирхжээ. Энэхүү олон бүтээлчдийг хамруулсан томоохон арга хэмжээг 2023 оноос анх зохион байгуулсан бол богинохон хугацаанд жил дараалж хоёр дахь удаагаа хийсэн учраас Холбооны удирдлага зохион байгуулалтын хувьд туршлагажиж илүү сонирхолтой, эмх цэгцтэй, гадаадын зурагчдыг оролцуулсан, соёлын салбарын чухал үйл явдал боллоо. Энэ нэгдсэн арга хэмжээ Монголын гэрэл зургийн салбарынхныг нэгтгэсэн, хүч өгсөн, уран бүтээл туурвих идэвх санаачилгыг өрнүүлсэн, идэвхжүүлсэн зэрэг тодорхой ахицтай болсон бөгөөд сэдвийн хувьд илүү төрөлжсөн, илүү нарийссан байна гэж гэрэл зурагчид, сонирхогч, оролцогчдоос дүгнэж байна.

Add Comment

Top