“Талх чихэр” компани модон луу жилийн хэвийн боовны үйлдвэрлэлээ эхлүүллээ

2024/01/18



"Талх чихэр" хувьцаат компани жил бүрийн сар шинийн баярыг угтан хэвийн боовны үйлдвэрлэлээ нээдэг уламжлалын дагуу модон луу жилийн үйлдвэрлэлээ өнөөдөр эхэллээ.

Энэ жил 40 жилийн ой нь тохиож буй тус компани модон луу жилийн хэвийн боовны үйлдвэрлэлээ "Өнөд өвлөгдөх Өв соёл" нэрийн хүрээнд эхлүүлж байна. Үндэсний дархлаа болсон уламжлалт ёс заншил, өв соёлоо эрхэмлэн дээдэлж, хойч үедээ уламжуулан үлдээх эрхэм зорилгыг хэвийн боовны соёл, ёс жаягаар дамжуулан хэрэглэгчдэдээ үлдээх, сануулахыг энэ удаад илүүд үзжээ. Энэ утгаараа үйлдвэрлэлийн нээлтийн үеэр монгол уртын дуу, тууль, шагайн наадгай зэрэг хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгэгдсэн өв соёлоос онцлон сонирхууллаа.

"Талх чихэр" ХК хэвийн боовны гол орц болох шар тос, монгол өрмийг 21 аймгийн малчдаас шууд худалдан авч, өөрсдийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилж шаардлага хангасан тохиолдолд хэвийн боовны гол орц болгон хэрэглэдэг байна. Өнөөдрийн байдлаар "Атар", "Түмэн насан", "Өв соёл", "Язгуур" гэсэн дөрвөн төрлийн уламжлалт хэвийн боовыг үйлдвэрлэж байгаа бөгөөд тахилын боов болон шанзтай еэвэнг ч хийж байна. "Атар" брэндийн хэвийн боовыг уламжлалт орц найрлага, хэмжээтэйгээр үйлдвэрлэж байгаа бол "Түмэн насан" брэндийн хэвийн боовыг төрийн хүндэтгэл, настан буурлын сар шинийн тавгийн идээнд зориулан 400 гр, 600 гр, 1300 гр гэсэн гурван төрлийн хэмжээтэй, төгсөшгүй үргэлжлэхийн бэлгэдэл түмэн насан хээтэйгээр хэвлэн хэрэглэгчиддээ 11 дэх жилдээ хүргэж байна.

2021 онд залуу гэр бүлд зориулан "Түмэн насан" брэндийн "Өв соёл" хэвийн боовыг үйлдвэрлэж эхэлснээр үндэсний өв уламжлал, ёс заншил, эрхэмлэх үнэт зүйлийг Цагаан сарын баяраар дамжуулан залуучууддаа ойлгуулахыг эрмэлзэж буй нэгэн хэлбэр юм. Энэ хэвийн боов нь уламжлалт хэмжээнээс жижиг байдаг нь залуу гэр бүлүүд тавгийн идээ засахад илүү тохиромжтой аж.
Угсаа гарал, язгуур үндсээ мэдэх нь улс гүрэн өнө мөнхөд орших үндэс нь хэмээн үзэж тус компани энэ жилээс эхлэн өнөд оршихуйн бэлгэдэл болгон гэрийн тооно болон ханан хээтэй "Язгуур" брэндийн зүсэлттэй шинэ хэвийн боовыг уламжлалт хэмжээтэйгээр худалдаанд гаргаж эхэлжээ. "Талх чихэр" Хувьцаат компани үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнийхээ амт, чанар аюулгүй байдалд онцгойлон анхаарч, түүхий эд материалаа татан авахаас эхлээд хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх бүх шат дамжлагадаа хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны ISO 22000:2018, чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2016, лаборатори чанар хяналтын ISO/IEC 17025 стандартыг салбартаа анх удаа нэвтрүүлсэн байдаг.

Add Comment

Top