ДОРНОД: Д.Чойдогийн бүтээл Маршалын хөрөг зураг

2024/01/18


Монголын орчин үеийн дүрслэх урлагийг үндэслэгч Додийн Чойдогийн бүтээл “Маршал Х.Чойбалсан” нэртэй уран зураг Дорнод аймгийн Музейн сан хөмрөгт бий.Энэ зургийг 1944 онд зурсан бөгөөд уртаараа 112 см, өндөр нь 144 см хэмжээтэй. Бүтээлийн төв хэсэгт маршал саарал өнгийн дүрэмт хувцастайгаа сэлмээ түшин сууж буйгаар зохиомжилжээ.

Д.Чойдог нь өнөөгийн алдар гавьяатнуудын энгэрийг мялааж байгаа бүх одон медалиудын эх загварыг бүтээсэн хүн юм. Тухайлбал, БНМАУ-ын 1945 онд батлагдсан төрийн далбааны эх загвар, Сүхбаатарын одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одон, Цусан гавьяаны Улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонг нэрлэж болно.Түүнчлэн Маршалын дүрэмт хувцас, Маршалын од, сэлэм, мөрдэс, таних тэмдэг зэргийн эхийг урлажээ.
Додийн Чойдог нь 1917 онд Буриад Монголын Агийн аймгийн нутагт төрж, Дорнод аймгийн Баяндун суманд суурьшжээ. 1930-аад онд Улаанбаатар хотод “Багшийн сургууль”-д суралцаж байх үеэс зургийн бүлгэмд хичээллэж, урлах эрдэмд хүч авьяасаа сорих гараагаа эхэлсэн байна. Тэрээр дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээл туурвисны дотор хөрөг, гоёл чимэглэл, зурагт хуудасны томоохон төлөөлөгч байв. 

Add Comment

Top