Индонез Улсын хилийн боомт дээр манай улсын иргэд виз мэдүүлэх боломжтой болов

2024/01/22


Монгол Улсын энгийн гадаад паспорт эзэмшигч иргэд энэ оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн Бүгд Найрамдах Индонез Улс руу аялал жуулчлалын зорилгоор зорчих эсвэл дамжин өнгөрсөн тохиолдолд тус улсын хилийн боомт дээр виз мэдүүлэх боломжтой болсон байна.

Өөрөөр хэлбэл, тус улсын хилийн боомт дээр виз мэдүүлэх боломжтой орны жагсаалтад Монгол Улсыг нэмснээр манай иргэд өмнө нь 150 ам.доллараар мэдүүлж байсан Индонезийн богино хугацааны буюу 30 хүртэлх хоногтой аялал жуулчлалын визийг 35 ам.доллараар мэдүүлэх боломжтой болсон аж. Иймд манай улсын иргэд Индонез Улс руу зорчихдоо тус улсын хууль дүрмийг чанд сахиж, визний хугацааг хэтрүүлэхгүйгээр хариуцлагатай аялахыг ГХЯ-наас анхааруулж байна.  
Индонез Улсын хилийн боомт дээр виз мэдүүлэхэд тавигдах шаардлага:

-Энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаа 6 сараас доошгүй байх,

-Буцах нислэгийн тийзтэй байх,

-Тус улсын гаалийн https://ecd.beacukai.go.id цахим холбоосоор нэвтэрч, мэдүүлгийг цахимаар бөглөж, QR код бүхий мэдүүлгийг гар утас эсвэл цаасан хэлбэрээр татан авч, хил гаалийн ажилтанд үзүүлэх юм.


Дээр дурдсан аялал жуулчлалын болон албан ажлаар зорчих эсвэл дамжин өнгөрөх визийг тус улсад зорчихоосоо өмнө урьдчилан мэдүүлж авах боломжтой. Энэ тохиолдолд Индонез Улсын Шилжилт хөдөлгөөний байгууллагын https://evisa.imigrasi.go.id холбоосоор нэвтэрч, холбогдох визийг цахим хэлбэрээр мэдүүлэх юм.

Add Comment

Top