Улсын аварга О.Хангай бөхийн өргөөнд 29 дэхээ түрүүллээ

2024/01/22



“Жем Интернэшнл” компаниас 17 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй харцага цолны хүндэтгэлийн барилдаан боллоо.

Тус компанийн 25 жилийн ойн хүрээнд болсон эл барилдаанд улс, аймаг, сумын алдар цолтой 128 бөх зодоглоход Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” сан, “Эм Жи Ө” транс компани, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга О.Хангай түрүүлж, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Заамар Өгөөмөр Хайрхан”, “Дорнын Өртөө”, “Нью План” компани, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Д.Хүдэрбулга үзүүрлэв. Улсын аварга О.Хангай бөхийн өргөөнд зохион байгуулсан барилдаанд 29 дэхээ түрүүлж байгаа нь энэ. Мөн харцага цолд хүндэтгэл үзүүлэх барилдаанд хоёр дахиа түрүүлж байна. Тэрбээр өмнө нь 2020 онд энэхүү барилдаанд түрүүлсэн билээ.

Тэгвэл их шөвөгт Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Макс” групп, “Эвсэг” компани, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын начин Б.Лхагвадорж, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан У.Батцоож нар шалгарлаа. У.Батцоож улс, аймгийн цолтнуудын барилдаанд анх удаа их шөвөгт үлдэж байгаа юм.

Цолныхоо хүндэтгэлийн барилдаанд хүрэлцэн ирсэн Монгол Улсын харцага цолтой бөхчүүдэд “Жем интернэшнл” групп болон гэр бүл, үр хүүхдүүд, нутгийн ахан дүүс, найз нөхөд, бөхийн дэвжээдээс хүндэтгэл үзүүлж, баяр хүргэсэн юм.

Дараагийн барилдаан хоёрдугаар сарын эхээр Сар шинийн баярт зориулсан цуврал барилдаануудаар үргэлжилнэ.
Сонирхуулахад, өнөөдөр Архангай аймгийн Хашаат суманд, энэ сарын 25-нд Сэлэнгэд, 31-нд Булган аймагт улс, аймгийн цолтой бөхчүүд оролцсон барилдаан болно. 

Add Comment

Top