Ж.Инфантино расизмын эсрэг мэдэгдэл гаргав

2024/01/22


Хөгжөөн дэмжигчид нь арьсны өнгөөр ялгаварлан гадуурхаж доромжлох /расизм/ үйлдэл гаргасан тохиолдолд тухайн багийг хожигдсонд тооцдог байх тухай саналыг Олон улсын хөл бөмбөгийн холбооны /ФИФА/ ерөнхийлөгч Жанни Инфантино дэвшүүллээ.
Бямба гарагт Италийн Удина хотод болсон “Удинезе”-“Милан” багуудын /2:3/ тоглолтыг хөгжөөн дэмжигчдийн гаргасан зохисгүй ааш авирын улмаас таван минутын хугацаанд түр зогсоосон байна. Тоглолтын эхний үеийн дундуур “Милан”-ы хар арьст хаалгач Майк Меньян өөрийг нь доромжлон хашгиралдаж буй өрсөлдөгч багийн хөгжөөн дэмжигчдийн талаар тоглолтын ерөнхий шүүгчид гомдол мэдүүлж, талбайг орхин явжээ.

“Удина хотод болсон явдал бол байж боломгүй жигшмээр зүйл. Расизм болон бусад аливаа ялгаварлан гадуурхах хэлбэр нь хөл бөмбөгийн спорт ба нийгэмд оршин байх ямар ч орон зай үгүй. Тоглолтыг зогсоох, дахин зогсоох, тоглолтыг цуцлах гэсэн гурван процессоос гадна хөгжөөн дэмжигчид нь расизмын үйлдэл гаргасан багийг автоматаар ялагдсанд тооцох, расистуудыг цэнгэлдэх хүрээлэнд нэвтрүүлэхгүй байх, эрүүгийн хариуцлагад татдаг байх журмуудыг бид нэвтрүүлэх хэрэгтэй” гэж ФИФА-гийн тэргүүн Инстаграмм хуудсандаа бичжээ.
Болсон явдлын талаар хаалгач МеньянXнийгмийн сүлжээний хуудсандаа бичихдээ “тоглолтыг зогсоосны дараа дахин эхлүүлэх үед бид хожих гэсэн асар их хүсэлтэй болсон байлаа. Расизмд өгөх хамгийн шилдэг хариу бол бидний ялалт мөн” гэжээ.  
Италийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний 21 тойргийн тоглолтын дараах байдлаар  “Милан” баг 45 оноотойгоор А серийн хүснэгтийн гуравдугаарт бичигдэж байгаа бөгөөд зургаан тоглолтод дараалан хожжээ. Харин “Удинезе” 18 оноотойгоор 17 дугаарт жагсаж байна. 

Add Comment

Top