ДУНДГОВЬ: “Тэмээний өв соёлын баяр”-ыг хоёрдугаар сарын 23-нд зохион байгуулна

2024/01/23



Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд Дундговь аймаг жил бүр уламжлал болгон “Тэмээний өв соёлын баяр” эвент үйл ажиллагааг зохион байгуулдаг.

2024 оны үйл ажиллагааг тус аймгийн ЗДТГ, ХХААГ, БОАЖГ, Өлзийт сумын ЗДТГ хамтран 2 дугаар сарын 23-нд Өлзийт суманд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Тэмээний өв соёлоо таниулах замаар Дундговь аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх, гадаад, дотоодын жуулчдыг татах, цаашлаад тэмээ маллахын ач тус, давуу талыг таниулж, тэмээн сүргийг өсгөн үржүүлэх зорилго агуулдаг энэхүү баярын үеэр тэмээчид тэмээн сүргийнхээ сүр хүч, чадал, ашиг шим, гоёмсог эдлэл, хэрэглэлээрээ өрсөлдөж, шилдгүүдээ шалгаруулдаг.

Тухайлбал, баярын үеэр торомны уралдаан, тайлган тэмээний уралдаан, буухиа уралдаан, сайхан буур, сайхан ингэ, ганган хос, сүүтэй ингэ, “Сүү, ноосон бүтээгдэхүүн” шалгаруулах, буйл зорох, бурантаг томох зэрэг тэмцээн зохион байгуулдаг юм.

Ташрамд дурдахад, 2023 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр тус аймаг 43708 тэмээ тооллуулснаас Өлзийт сум хамгийн олон буюу 16827, Хулд сум 7216, Дэлгэрхангай сум 5181 тэмээтэй байна.  

Add Comment

Top