Түүх, соёлын хөдлөх дурсгалт 165 зүйлийг сэргээн засварлажээ

2024/01/23



Соёлын өвийн үндэсний төвийн 14 сэргээн засварлагч нийтийн өмчийн түүх, соёлын дурсгалт зүйлийг сэргээн засварлах ажлын хүрээнд 2023 онд улсын есөн музей, 18 аймгийн музей, орон нутгийн хоёр музей, шашны нэг байгууллага зэрэг нийт 30 байгууллагын 165 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг сэргээн засварлажээ.

Үүнд, уран зураг 41, баримал 32, даавуу, зөөлөн эдлэл 28, металл 17, мод 16, мрьс 11, танка 10, цаас 7, чулуу 3 ширхэг тус тус багтаж байна. Эдгээрээс түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн зэрэглэлийн Монголын Үндэсний номын сангийн 5, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн 7, нийт 12 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл, Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музейн 45 ширхэг, Чойжин ламын сүм музейн 6 ширхэг, Төв аймгийн музейн нэг ширхэг зэрэг нийт 52 түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг газар дээр нь очиж сэргээн засварласан байна.

Цаг үеийн шаардлагаар Богд хааны ордон музейн тав, Чойжин ламын сүм музейн гурав, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн нэг, Архангай аймгийн музейн нэг, Хэнтий аймгийн музейн нэг, нийт 5 музейн 11 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг нэмэлтээр сэргээн засварлажээ.

Сэргээн засварлах газрын үйл ажиллагаа, сэргээн засварлагчдын ажил мэргэжлийн онцлогийг байгууллагынхаа ажилтнуудад сурталчлах, таниулах, газар нэгжүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Соёлын өвийн үндэсний төвийн үзэсгэлэнгийн танхимд энэ сарын 22-нд “Сэргээн засварлагдсан бүтээлүүд-2023” үзэсгэлэнг нээжээ. Уг үзэсгэлэнд 2023 онд сэргээн засварласан 42 ширхэг түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг төлөөлөл болгон дэглэсэн байна.

Add Comment

Top