УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар намын жагсаалтаар 48, 13 тойргоос 78 гишүүн сонгоно

2024/01/23


УИХ-ын сонгуулийн тойргийг парламент бүсчлэн тогтоолоо. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлсэн гэж ойлгож болно. Гэхдээ сонгуулийн тойрог учраас бага зэрэг зөрүүтэй. Тодруулбал, улсын хэмжээний 4 бүсэд багтах засаг захиргааны нэгж аймгуудыг өөр өөрийнх нь онцлог, сонгогчдын тоонд тохируулан 7 тойрог, Баян-Өлгий аймгийг үндэсний цөөнхийн хувьд нэг тойрог болгожээ.  

Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1 тойрог;
Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2 дугаар тойрог;
Баян-Өлгий аймаг 3 дугаар тойрог;
Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5 дугаар тойрог;
Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6 дугаар тойрог;
Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7 дугаар тойрог;

Улаанбаатар хотын хувьд:
  • Баянзүрх дүүрэг 8 дугаар тойрог;
  • Баянгол дүүрэг 9-р тойрог;
  • Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10 дугаар тойрог;
  • Сонгинохайрхан дүүрэг 11 дүгээр тойрог;
  • Хан-Уул дүүрэг 12 дугаар тойрог;
  • Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13 дугаар тойрог болгожээ.

Ээлжит сонгуулийн санал хураалт энэ оны зургаадугаар сарын 28-ны баасан гарагт болно.
Гадаадад санал авах өдөр
Хилийн чанадад ажиллаж амьдарч буй иргэдийн саналыг зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд авах тов гарчээ. УИХ-ын сонгуулийн тухайд гадаадад амьдардаг сонгогчдын саналыг 2012 онд анх авсан байдаг. Тухайн сонгууль холимог тогтолцоогоор явж, намын нэрсийн жагсаалтын нэр дэвшигч, тойрогт нэг дэвшигч гэсэн хоёр хэсэгтэй саналын хуудсаар сонгогчийн саналыг авахад тэд намын төлөө санал өгсөн. УИХ-ын ээлжит 2024 оны сонгуулийн саналын хуудас дээрхийн нэгэн адил хоёр хэсэгтэй хэвлэгдэнэ.

Гадаадад амьдардаг сонгогчид нэрсийн жагсаалтаар нэр дэвшигчид буюу намуудын төлөө санал өгнө.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд энэ талаар:
  • “Гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдөр /цаашид “гадаадад санал авах өдөр” гэх/-ийг сонгуулийн төв байгууллага /цаашид “Сонгуулийн ерөнхий хороо” гэх/-ын саналыг үндэслэн Улсын Их Хурал тогтоох бөгөөд гадаадад санал авах өдөр нь дөрөв хүртэл өдөр байна /9.3/” гэсэн заалт оржээ.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/
​УИХ-ын энэ удаагийн сонгуулиар намын нэрсийн жагсаалтад сонгуульд оролцох нам эвсэл тус бүрээс 48 нэр дэвшигч бичигдэнэ. Харин УИХ-ын сонгуулийн томсгосон 13 тойрогт 2-10 нэр дэвшигчтэй байна. Сонгуулийн санал авах, тоолох, дүн гаргахад "New Image Cast" төхөөрөмжийг хэрэглэнэ. Төхөөрөмжөөс гарсан саналын хуудсыг 100 хувь гараар хяналтын тооллого хийнэ.

Ээлжит сонгуульд оролцох нам, эвсэл дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс өмнө оролцох хүсэлтээ илэрхийлнэ. Нэр дэвшүүлэх үйл явц тавдугаар сарын 14-20-ныг дуустал үргэлжилнэ.

Сонгуулийн сурталчилгааг зургаадугаар сарын 10-26-ныг дуустал буюу нийт 17 хоногт зохион байгуулна. Сонгогч өөрийн болон өөрийн хаяг дээр оршин сууж буй бусад сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломжтой.

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар эмэгтэйчүүдийн квот 30 хүртэл хувь байна. Нэр дэвшигчийн энэ хувь хэмжээ 2028 оноос 40 хувь болно. Сонгогчдын нэрийн жагсаалтыг нам, эвсэлд санал авах өдрөөс 20 ба 3 хоногийн өмнө тус тус цахим хэлбэрээр хүргүүлнэ. Харин иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зургаадугаар сарын 28-ны өдрийг дуустал хугацаанд зогсоох хуулийн зохицуулалттай. Хууль бус сурталчилгаа хийвэл нэр дэвшигчийг хасах үндэслэл болох юм байна.
Сонгуулийн сурталчилгааны хориглосон заалтууд
Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, мөн сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хоригложээ. Тодруулбал:
  • Мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах, аливаа үйлчилгээ төлбөргүйгээр болон хөнгөлөлттэй үзүүлэх /48.1.1/
  • Нийтийг хамарсан биеийн тамирын уралдаан, тэмцээн, баяр наадам, урлагийн тоглолт, хүлээн авалт, дайллага, цайллага, төлбөрт таавар, бооцоот, мөрийтэй тоглоом зохион байгуулах, ивээн тэтгэх /48.12/ Сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулах, амралт, сувилалд амраах, сувилуулах /48.1.3/
  • Ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх /48.1.4/
  • Хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах зэрэг амлалт авах /48.1.5/
  • Сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах /48.1.6/
  • Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх 48.1.7/.
  • Тухайн жилийн төсөвт тусгаагүй нийгмийн халамж, хамгааллын хөтөлбөр хэрэгжүүлэх, амлалт өгөх, зарлах /48.1.8/
  • Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл өгсөн нь тогтоогдвол уг зөрчлийг мэдээлсэн иргэнд тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө.
Хуулийн хэрэгжилтэд Шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавих бөгөөд зөрчлийг шалгах хугацаанд үйл ажиллагааг нь зогсоох тухай дүгнэлтийг зөвшөөрөл олгосон байгууллагад нь хүргүүлэх арга хэмжээг авч болох юм байна. Харин бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.

Сонгуулийн жил эхэлсэн 1 дүгээр сарын 1-нээс нэр бүхий иргэн телевиз, радиогийн болон бусад төрлийн хэвлэл мэдээллийн индрийг ашиглан өөрийгөө олон нийтэд танилцуулж болно.
Гэхдээ тухайн нэвтрүүлэг, нийтлэлийн эзэн УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн нөхцөлд сонгуулийн жил эхэлснээс хойш олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгсэн мэдээлэл, дүр төрхийг дахин олон нийтэд хүргэж сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй гэж Сонгуулийн ерөнхий хороо СЕХ/ тайлбар хийж байна.
Мөн нэр дэвшигчийн үнэмлэхийг 6 дугаар сарын 10-нд авна. Түүнээс хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилгаанд орж байгаа нэр дэвшигч хуульд зааснаар өөр зүйл ярьж болохгүй. Ийм тохиолдолд нэр дэвшигчийг хасах хүртэл зохицуулалттай болжээ.

УИХ-ын ээлжит 2024 оны сонгуулийн нэр дэвшигчийн менежер туслах ухуулагчийн талаар сонгуулийн хуульд:
  • Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулах 500 хүртэл, аймаг, нийслэлд 100 хүртэл, дүүрэгт 50 хүртэл, сум, хороонд 20 хүртэл ажилтантай байж болно /37.2/.
/Энэ хэсэгт "100 хүртэл, нийслэлд 20 хүртэл, аймаг," гэснийг "500 хүртэл, аймаг, нийслэлд 100 хүртэл," гэж 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан бөгөөд 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/.
  • Нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг менежер, аймаг, сум, нийслэл, дүүрэг, хороо, аймгийн төвийн баг тус бүрд нэг шадар туслагч, нийслэл болон аймгийн төвд 400 сонгогч тутамд нэг ухуулагч, бусад газарт 200 хүртэлх сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно /37.3/.
  • Ухуулагч нь сайн дурын үндсэн дээр ажиллах бөгөөд урамшууллын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байна /37.8/ /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн./гэсэн зохицуулалт байна.

Сонгуулийн хэвлэл мэдээллийн сурталчилгааны төрлүүд
Сонгуулийн сурталчилгааг нэр дэвшигчид үнэмлэх олгосон өдрөөс эхлүүлж, санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас өмнө зогсооно. Сонгуулийн сурталчилгааг дараах арга, хэлбэрээр явуулна:
  • радио, телевизийн сурталчилгааны нэвтрүүлэг ашиглах /39.2.6/;
  • цахим орчин ашиглах /39.2.7/;
  • өдөр тутмын болон бусад сонин сэтгүүлд сонгуулийн сурталчилгааны материал нийтлүүлэх /39.2.8/.
  • Сонгуулийн сурталчилгааны уулзалт, хандивын талаар сонгогчдод зар, урилга явуулсныг сурталчилгааны хэвлэмэл материалд оруулан тооцохгүй. Зар, урилга нь А5 хэмжээнээс илүүгүй байна /39.3/.
  • Сонгуулийн сурталчилгааны аливаа материалын баруун доод хэсэгт сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг тодорхой харагдахуйц байдлаар товчлохгүй бичих бөгөөд энэ нь телевизийн нэвтрүүлгийн нийт хугацаанд хамаарна. Радиогийн нэвтрүүлгийн тухайд эхлэл, төгсгөлд нам, эвсэл, нэр дэвшигчийн нэрийг дурдана /39.4/.
  • Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевизийн үйлчилгээ эрхлэгч байгууллага сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ /39.5/.
  • Энэ хуулийн 39.1-д заасныг зөрчсөн радио, телевизийн байгууллагын олон суваг дамжуулах үйлчилгээ эрхлэгчийн сүлжээгээр дамжих эрхийг Харилцаа холбооны зохицуулах хороо зөрчил гарсан өдрөөс эхлэн гурван сар хүртэл хугацаагаар хязгаарлана /39.6/.
  • Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий радио, телевиз нь энэ хуулийн 39.5-д заасны дагуу нийтэд мэдээлсэн тайланг шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад нийтэд мэдээлснээс хойш ажлын 5 өдрийн дотор хүргүүлнэ /39.7/.
  • Сонгуулийн тойрогт нэр дэвшигч нь нь сонгуулийн сурталчилгааны зорилгоор нэг хэсэгт хоёроос илүүгүй тээврийн хэрэгсэл ашиглаж болно. Тээврийн хэрэгслийн таних тэмдгийн загварыг Сонгуулийн ерөнхий хороо батална /40.1/.
Цахим сонгуулийн сурталчилгаанд хувь хүний сошиал хаяг дээр орж байгаа пост, контент дээр хяналт тавигдахгүй. Гэхдээ бусдыг уриалахыг хоригложээ. Тодруулбал, "Энэ хүнд саналаа өгөөрэй" гэдгийг нэр дэвшигч өөрөө, түүний менежер, шадар туслагч, ухуулагч, сонгууль эрхэлсэн байгууллагын ажилтан дээрх уриалах хэлбэрийг ашиглах эрхтэй. Харин бусад нь хориотой аж. Хэрэв нэр дэвшигч хувь хүнтэй гэрээ хийгээд сурталчилгаагаа явуулахад хүрвэл тухайн хүн нэр дэвшигчийн менежер шадар туслах, ухуулагч, нам, эвслийн сонгуулийн хорооны ажилтан байх ёстой. Мөн тухайн сошиал хэрэглэгч Харилцаа Холбооны Зохицуулах Хороо (ХХЗХ)-нд сурталчилгаа хийх тухай бүртгүүлнэ. Ийм нөхцөлийг хангаагүй цахим хуудсаар сонгуулийн сурталчилгаа явуулахгүй хэмээн СЕХ тайлбарлаж байна.

Сонгуулийн сурталчилгаанд зурагт самбар ашиглах
  • Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага, нэр дэвшигчийн ухуулах байр байрлаж байгаагаас бусад байшин, барилга байгууламжид сонгуулийн сурталчилгааны самбар байрлуулахгүй /42.5/
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ .
  • Тойрогт нэр дэвшигчдийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбар /цаашид “нэгдсэн самбар” гэх/-ыг сум, дүүргийн Засаг дарга дараах шаардлагын дагуу бэлтгэж, байршуулах ажлыг зохион байгуулна /42.1/:
 /Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
  • нэр дэвшигчийн зурагт хуудас нь нэг хэвлэлийн хуудасны дөрөвний нэг хэмжээтэй байх /42.1.1/;
/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
  • сонгогчийн тоонд үндэслэн суманд хоёр хүртэл, аймгийн төвийн суманд тав хүртэл, хороонд дөрөв хүртэл нэгдсэн самбарыг үнэ төлбөргүй байрлуулах /42.1.3/.
/Энэ заалтыг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
  • Нам, эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага нь найман хэвлэлийн хуудаснаас илүүгүй хэмжээтэй зурагт самбарыг суманд нэг, хороонд хоёр хүртэл байрлуулж болно /42.2/.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
  • Зурагт самбарыг зөвхөн нийтийн эзэмшлийн газар буюу гудамж, талбайд сурталчилгааны хугацаанд түр хугацаагаар, үнэ төлбөргүй байрлуулна. Зурагт самбарт тухайн нам, эвслийн нэрийг дурдсан байна /42.3/.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
  • Бизнесийн зорилгоор байнга ашиглагддаг сурталчилгааны самбар, дэлгэц, түүний орон зайг сонгуулийн сурталчилгаанд ашиглахгүй /42.4/.
/Энэ хэсгийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

AI ашиглан бусдыг гүтгэн, доромжлохыг Эрүүгийн тухай болон Зөрчлийн тухай хуулиар хориглосон байгаа бөгөөд үүн дээр  цагдаа болон тагнуулын байгууллага хяналт тавьж ажиллах юм байна.

Add Comment

Top