УРТ ЦАГААН УЛ БОЛОВ...

2024/01/23


2024.01.22
“ПРЕСС-36” клуб Н.Бат-ЭрдэнэЭрт баларын үед биш, энэ цагийн өнгөнд Урт цагаан энд байлаа. Урт үргэлжилсэн барилга ховорын тул “Урт цагаан” хэмээн иргэдийн хэллэгээр нэрлэсэн л болов уу. Майжийсан гуталдаа зан тавиулах, санжсан ээмэгнийхээ сэнжийг гагнуулах, индүүнийхээ улыг өнгөлүүлэх, пинтүү халимагаа захлуулах, нүдэндээ шил тааруулах, шүдэндээ ломбо тавиулах гээд хотын борчуудын холхидог газар байлаа. Байшин нь ч додомдож, сэвхийлгэсэн бол түүх архитектурын үндэсний нэгээхэн дурсгал байв. Одоо харин өнгөрсөн цаг дээр бичих л үлдэж.
Нийслэл Хүрээнд хамгийн их хөл хөдөлгөөнтэй худалдааны гудамж нь одоогийн Урт Цагааны орчим байршилд байжээ. Худалдааны гудамж нь зүг зүгээс хүмүүс худалдаа наймаа хийхээр Монгол, хятад, орос, швед, америк, гэх мэт худалдаачдын бараа таваарыг сонирхон худалдаа наймаа хийхээс гадна мэдээлэл солилцох буюу хов жив “баздаг” байжээ. 1950 аад оноос ил задгай худалдаа наймааг цэгцлэх зорилгоор Монгол архитектор Дамбийнямын зургаар худалдаа ахуй үйлчилгээний барилга баригдсан нь байна. Энэ нь 1961 он аж. Урт цагаан бол социализмын үеийн Монгол Улсын хамгийн анхны худалдаа үйлчилгээний нэгдсэн төвийн барилга байлаа. Үйлчилгээний энэ төвд ард иргэд алт мөнгөн эдлэл, гутал зсвар, хувцас засвар,цаг засвар, цахилгаан бараа засвар гэх мэт хүний хэрэглээнд нийцсэн ойр зуурын гэхүйц бүх л засвар үйлчилгээ нэг дор бөөндөө байдаг тул иргэд ирж нэгэнт сурсан байжээ. Нийслэлийн өмчөөр бүртгэлтэй явдаг боловч барилгад нэгдсэн засвар үйлчилгээ хийгдэлгүй өдий хүрч, газар хөдлөлтөнд тэсвэргүй, гал гарах эрсдэлтэй, хуучирч ард иргэдийн амь нас эд хөрөнгөнд аюултай” гэх үндэслэлээр 2023 онд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарын захирамжаар нурааж цэцэрлэгт хүрээлэн барих шийдвэр гарч, даруй нурааж, одоо суурийг нь цэвэрлэж байна.


Add Comment

Top