Шоовдорлогдсон орон хийд...

2024/01/23


2024.01.18
“ПРЕСС-36” клуб П.Баттулга
“Баруун талын гэрэн дуганд арван цагаас хурал эхэлнэ” хэмээн хамгийн түрүүнд таарсан харуул нь бололтой “хар хүн” хэлж байна. 260 жилийн түүхтэй Бурханы шашны хийд, “Бичээч” гэсэн пайзтай, дээврийн хагас нь цөмөрч унасан байшинг уг нь галласан бололтой, яндангаас нь утаа гарч байвч “Зүүн талын хүрэн модон хашаанд хурал бичнэ” гэсэн цаас цонх, хаалган дээр нь наалттай харагдана. Энэ байшингийн баруун хойд талд хагас нь шатсан, уг нь бас нэгэн дуган л байсан болов уу гэмээр “саравч”-нд түлээ, том төмөр зуух ундуй сундуйхан харагдана. Өглөө эрт тул энэ орчин эл хульхан.
Олны хэлэлцдэгээр Дамбадаржаагийн хийд нийслэл дэхь эртний сүм дугануудын дундаа бас л жин дарах, “нас ахимаг”, үүх түүх арвинтай нь. Төв Гандантэгчинлэн, Зүүн хүрээ Дашчойлин, Чойжин ламын, Богд Хааны Ногоон ордон гээд олны хөлд дарагдаастай, өөдөө дээшээ татагдаастай хийдүүдээс хамгийн шоовдор нь ДАМБАДАРЖАЙЛИН хийд болж. Цагтаа уг хийд Цогчин болон 12 аймгийн дуган, дөрвөн дацан бүгд 25 дугантай, 1500 лам ном хурдаг шашин номын төв, томоохон орон хийд байж.
Буханы шашныг бадруулагч хэмээх Дамбадаржайлан хийдийг анх Манжийн хааны зарлигаар Тэнгэр тэтгэсний 29-р онд буюу 1764 онд Богд Хан уулын ар хөндий баруун, зүүн Сэлбэ голын уулзвар болох одоогийн буурин дээр нь байгуулжээ. Уг хийдийг II Богд Жибзундамба хутагтын дурсгалд зориулж байгуулсан хэмээдэг бөгөөд түүний шарилын суврагыг 1774 онд уг хийдийн хэрмийн баруун хойд өнцөгт босгож, тахих болсон ажгуу. Мөн 1778 онд энэ хийдэд III Богдын шарилыг шилжүүлэн авчирч байсан ажээ. 1938-1939 онд Аж үйлдвэрийн комбинатын ажилчдын амралт сувиллын газар, 1947 онд Япон цэргийн олзлогсдын хэрэг эрхлэх газрын эмнэлэг, 1950 онд Сүрьеэ өвчний эмнэлэг, 1980 оноос Өндөр настныг сувилах эмнэлгийн зориулалтаар ашиглаж байгаад хатуухан хэлэхэд 1990-ээд оноос орхигдон хаягджээ.
Номын дуганд хамгийн түрүүнд ирсэн өсвөр насны лам хүү шашир малгай, дун бүрээгээ барин хөтөчилж, түүнийг ойр зуурхан дагаж явлаа. Нэг хоёрын зэрэг “том” лам таарвал “Юун зураг аваад байгаа юм. Рекламны зураг уу” гэв. Үүнээс нь анзаарвал видеочид, манай фоточид үе үе очиж зургийн талбай болгодог бололтой юм. Өөрөөр сүсэгтэн бишрэлтэн ч цөөн ирдэг болов уу гэмээр.
Музейн, Их сургуулийн, Урт цагааны хувь заяа энэ хийдээс холуур болтугай. Газарт нь шунах “галзуу”-чууд бүүр холуур болтугай. Сүмийн орой дээврээр шарилж лууль ургасан л байдаг. Хагас нь цөмрөөд алга болчихсон нь харин хэд бол...






Add Comment

Top