Н.Энхболд: УИХ-ын тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага бий

2024/01/25



УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос намрын ээлжит чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар энэ сарын 23-нд Төрийн ордонд мэдээлэл хийв. Энэ үеэрээ тус байнгын хорооны дарга Н.Энхболд зарим батлагдсан хууль тогтоолын талаар товч танилцуулсан юм.

Тэрбээр "Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай болон дагалдан гарсан бусад хууль, сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулж, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай УИХ-ын тогтоолыг хэлэлцүүлэн батлуулсан. Мөн УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

2024 оны ээлжит сонгуультай холбоотой хийсэн том ажлын нэг бол УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай, УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай, УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Эдгээр нь зөвхөн байнгын хорооны хэмжээнд яригддаг асуудал биш, улс төрийн намуудтай, СЕХ-той холбогдох бүх байгууллагыг оролцуулж шийддэг асуудал бөгөөд эдгээр асуудлыг шийдэхэд байнгын хороо нэлээд их цаг, хүч хөдөлмөр зарсан хэмээн тодотгосон юм. Түүнчлэн байнгын хорооны эрхлэх ажлын хүрээнд багтдаг Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөл, Төрийн албаны зөвлөлийн гишүүдийг нь томилох чөлөөлөх асуудлууд, 2024 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг бүх байнгын хороо, улс төрийн намуудын УИХ дахь бүлэгтэй зөвшилцөн чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулсан хэмээлээ.

Төрийн байгуулалтын байнгын хороо 2024 оны хаврын ээлжит чуулганаар Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулиуд, тогтоолын төслүүд, Жагсаал цуглаан хийх журмын тухай хууль болон Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төслөөс гадна иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний талаарх хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд буй. Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлттэй холбогдуулаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх ёстой. УИХ 126 гишүүнтэй болж байгаа тул Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага бий. Төрийн ордны тухай хуулийн төслийг хэлэлцэж батлуулах ёстой. Төвлөрлийг бууруулах, нийслэлтэй холбоотой асуудал Төрийн байгуулалтын байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд бий. Үүнтэй холбогдуулан хаврын чуулганаар нийслэл хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний баримт бичгийг Эдийн засгийн байнгын хороотой хамтран хэлэлцэхээр төлөвлөсөн" гэлээ.

Add Comment

Top