УИХ-аас амиа алдсан алба хаагчдын ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлэв

2024/01/25



Монгол Улсын Их Хурлаас Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон осолтой холбогдуулж, эмгэнэл илэрхийллээ.

Эмгэнэл:
2024 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө, нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт зам тээврийн ослоор шатамхай бодис болох шингэрүүлсэн хий алдагдан, дараалсан хүчтэй дэлбэрэлт болсны уршгаар иргэд, аврагчид амь насаа алдаж, бэртэж гэмтэн нөхөж баршгүй хохирол учраад байна. Мөн аж ахуй нэгжүүд эд хөрөнгөөрөө их хэмжээний хохирол амслаа.

Үүссэн нөхцөл байдлыг дүгнэж, шаардлагатай арга хэмжээ авч, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах бүхий л тусламж үйлчилгээг холбогдох албаныхан цаг алдалгүй хүргэж, шуурхай ажилласаар байна. Урьдчилан тааварлашгүй гэнэтийн гамшигт өртөж, ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө ажил үүргээ гүйцэтгэж яваад алтан амиа алдсан Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн гал сөнөөгч, ахлагч Даваажавын Барсүрэн, ахлах ахлагч Ширнэнгийн Амгаланбаяр, ахлагч Эрдэнэдаваагийн Түвшинтөр нарын хань, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олон, аврах, гал унтраах албаны нийт бие бүрэлдэхүүнд гүн эмгэнэл илэрхийлье.



Add Comment

Top