Гэрэл зураг бол мөнхийн эрэл хайгуул, бас хүлээлт юм

2020/04/27


-“Гэрэл зургийн сурвалжлагч Д.Цэрэннадмид” хэмээх будаг нь хатаагүй энэ номд сайхан гэхээс өөрийг оноомооргүй хөргүүд тань багтжээ. Олон сайхан хүмүүсийн залуу нас, гоо үзэсгэлэн  нь гэрэлтэж, бас хүсэл тэмүүлэл нь ч мэдрэгдэх шиг. Бас орхин одсон нэгнийг хараад хайрлах, хүндэтгэх сэтгэл төрлөө. Энэ номыг эргүүлэн суухад олны хэлдгээр танд “Хөргийн Цэрэннадмид”-аас өөр нэр оноох боломжгүй мэт санагдлаа?
-Үзэсгэлэнгээ гаргах амар мэт санагдавч цагаа тулахаар их амаргүй ажил юм байна. Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос өнгөрсөн арванхоёрдугаар сард уран бүтээлийн ном, үзэсгэлэнгээ гаргах санал тавьсан. Үзэсгэлэнгээ гаргахаар архиваа ухаж эхэллээ. 55 жилийн хугацаанд маш олон зураг авчээ. Өнөө олон зургуудаасаа алийг нь үзэсгэлэндээ тавих вэ гэж их бодлоо. Залуухан байх үед “Хөргийн Цэрэннадмид” л гээд байдаг байсан юм. Ингэж хэлсний ухааныг сайн ухахгүй явж ирсэн. Бүтээлүүдээ эргэн хартал нээрээ л хөрөг голдуу юм байна. Анх Гэрэл зургийн холбооноос үзэсгэлэнгээ гарга гэж хэлэхдээ “60 гэрэл зураг л сонгоорой” гэсэн юм. Зургаа сонготол юуных нь 60 зураг байх вэ. Хэчнээн олон 60 зураг болоод явчихлаа. Дахиад л шилж, 200-гаадыг үлдээлээ. 75 настай юм чинь 75 зургаар гаргая гэтэл бас л болдоггүй. Би хасч чадахгүй их хэцүүдлээ. Эх хүн төрүүлсэн хүүхдээ яаж хайрладаг билээ түүн шиг л хэдэн зурагтаа хайртай болдог юм байна.  Нэмсээр байгаад 112, 113 зургаар үзэсгэлэнгээ гаргалаа. Харин ном маань 300-гаад зурагтай. “Үүнийг л оруулчих” гээд Чадраагаа (МОНЦАМЭ агентлагийн гэрэл зурагчин) мөн ч их зусардлаа даа. 2018 онд авсан зураг минь энэ номд багтсан. 55 жил зураг авснаа батлах гэж энэ зургийг орууллаа. 
-Та гэрэл сүүдрээр зурах урлагт хагас зуунаас илүү хугацааг өнгөрүүлжээ. Харин энэ он жилүүдийн ихэнх нь   МОНЦАМЭ-д өнгөрсөн байна. Та ер нь МОНЦАМЭ-тэй хэрхэн хувь заяагаа холбосон юм бэ?
-1962 онд аравдугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотод гэр ахуйн курст сурахаар ирсэн. Энэ курс Монголын анхны гэр ахуйн багшийн курс байсан юм. Төгссөнийхөө дараа цэцэрлэгийн багш нарт гэр ахуйн хичээл заах болов. Курст сурах гэж ирсэн хүн чинь бүр дэвшээд дээд сургуулийн багш болчихлоо. Хүний хувь тавилан гэж ийм сонин. Хоёр жил багшилж байтал бүх хүүхдэд наймдугаар ангиас нь эхлээд гэр ахуйн хичээл зааж эхэлсэн. Гэр ахуйн хичээл заалгасан хүүхдүүд техникумд орж ирдэг болсноор миний хэрэг тэнд байхгүй боллоо. Тэгэхээр нь Боловсролын яаман дээр очоод уулзтал “28 дугаар сургууль гэж шинээр нээгдэж байгаа. Тийшээ оч” гээд томилсон. 20 настайдаа 28 дугаар сургуульд очиж дөрвөн жил багшилсан. Багшлах хугацаандаа сургуулийн хүүхдийн гээд янз бүрийн зураг авч байлаа. Манай сумын Лувсандорж гэж хүн МОНЦАМЭ-гийн гэрэл зургийн газар даргаар ажиллаж байгааг сонсоод зураг сонирхож авч байгаагаа хэлсэн. Гэтэл хэд хоногийн дараа “Ирж уулз” гэж эгчээр дамжуулан хэлсэн. Төв шуудангийн урд талын хоёр давхар, одоогийн Ардчилсан намын байранд очиж уулзахад “Лаборант хийж чадах уу” гэхээр нь “Чадна” л гэлээ. МОНЦАМЭ-д ажиллах хугацаанд надад хийж үзээгүй ажил байхгүй. Нэг хүн өвчтэй юм уу ажилтай тохиолдолд оронд нь намайг зураг авахуулахаар явуулдаг. Үүнийг би ямар баяртай хүлээж авдаг байсан гэж санана. “Энэ ажил гараад ирж чадахгүй нь”, “Тэр өвдөөд ирж чадахгүй нь” гэдэг миний хувьд хамгийн сайхан санагддаг байлаа. Жижиг аппаратаа бариад дэгдээд гүйж өгнө. Ингэж явсаар байтал тэд маань намайг “Мэдээний зурганд яваад байх хэмжээний болжээ” гэж үнэлж, албан ёсоор гэрэл зургийн сурвалжлагч болгосон юм. Ингэж л миний гэрэл зургийн сурвалжлагчийн амьдрал эхэлсэн. Би МОНЦАМЭ-д ажиллахдаа улс орноо бүтэн тойрч, эх орноо гадаадад сурталчлах ажилд гар бие оролцож явсандаа маш их баярлаж явдаг. Яалт ч үгүй л азтай хүмүүсийн нэг. Хүний хувь тавилан гэж их сонин.  
-Анхны хөргийн эзэн тань 55 нас хүрсэн гэсэн. Одоо холбоотой байдаг уу?
-Миний хүү юм шүү дээ. Одоо 55 настай өвгөн болсон байна. 
-Таны өлгийдөн авсан номд хүүхдийн зураг цөөнгүй байх юм. Та бас олон улсын уралдаануудад хүүхдийн зургаар шагнал хүртэж байсан юм билээ. Хүүхдийн зураг таны уран бүтээлийн салшгүй нэгэн хэсэг гэж ойлгож болох уу?    
-Хүүхдийн зураг авах их амар. Зургаа муухай болж гэж голохгүй. Хороо халуудуулаад болохоо байлаа гэхэд янз янзаар нэхээд зовоогоод байхгүй. Би хүүгийнхээ зургийг анхлан буулгаснаас хойш асар олон хүүхдийн зураг авч байсан. Одоо ч хүүхдийн зураг авч байгаа. Хүний амьдрал юугаар эхэлнэ түүгээрээ дуусдаг ч юм шиг. Анх хүүхдүүдийн зураг авч эхэлсэн түүх минь зургаа голохгүй, яаруулахгүй бүтэлгүйтэхэд нэхэхгүйд л байсан юм. Би одоо нэг жижигхэн аппараттай. Зээ, ач, гучийнхаа мөлхөж, алхаж, асгаж цутгаж буйг авч байна. Хүнд ер нь насан туршийн нэг сонирхол байдаг юм байна. Миний хувьд энэ нь гэрэл зураг. Гэрэл зураг авахгүй, хэвтэж байж бас өөр юм хийж болно оо доо. Гэтэл нөгөө хэдийнхээ зургийг аваад л сууж байна. Иймэрхүү янзтай өдийг хүрч дээ. Би цаашдаа ч зургаа авна. 85 насныхаа ойгоор ахиад нэг үзэсгэлэн гаргах санаатай байна. 10 жил юухан байхав. 85 насныхаа ойгоор нэг үзэсгэлэн гаргаад сууж байя гэж бодож байгаа. Одоо 25-тай байгаа чи 35-тай болчихоод надаас хоёр дахь ярилцлагаа аваад сууж байхыг хэн мэдлээ, тийм ээ. 
-Таны хамгийн анхны аппарат ямар аппарат байсан бэ?
-Арван жилд байхдаа найзалж байсан хүү маань хойшоо сургуульд яваад ирэхдээ “Кристал” гэж аппарат авчирч өгсөн. Би яахав, муу сурлагатай байсан болохоороо хамт явж чадалгүй эндээ үлдсэн. Хэрвээ энэ аппарат надад ирээгүй бол би огт өөрөөр амьдрах байсан байх. Хүний амьдрал гэдэг их сонин юм. Анх ажиллуулж мэдэхгүй, хоёулаа ноцолдож байгаад л сурсан даа. 
-“Хөргийн Цэрэннадмид” гээд байсны учрыг үзэсгэлэнгээ гаргахдаа л ойлголоо гэж байсан. Та ер нь анх хөрөгт хэрхэн “дурласан” юм бэ? 
-Намайг гэрэл зургийн сурвалжлагч байх үед зурагчид цөөн байлаа. Ажлынхаа хажуугаар “Эмэгтэйчүүд” сэтгүүлийн гэрэл зураг авна. Телевизийн мэдээнд гүйнэ, өөрийнхөө үндсэн ажлаа хийнэ. Сэтгүүлийн нүүрэнд сайхан эмэгтэй хүний зураг тавихын тулд мөнхийн эрэл хайгуул хийж явдаг. Хөдөө гадаа, хаана чиг л явсан эрж хайж л явна.  Манай МОНЦАМЭ “Монгол Улс” гэж сэтгүүл англи хэлээр гаргадаг байлаа. Нүүрэн дээр гаргах зураг нь голдуу хөрөг зураг. Тиймээс л хөрөг зураг авна. Намайг залууд яагаад ч тэгдэг байсан юм, “Хөргийн Цэрэннадмид” л  гэдэг байсан. Нэг л мэдэхэд явсаар байгаад “Хөргийнх” болчихлоо. Хөрөг бол тухайн хүний ажил мэргэжил, бүхий л зүйлийг тайлбаргүйгээр илтгэх урлаг юм. 
-Зорьж авсан хөргүүд цөөнгүй бий байх. Хамгийн их шунаж, дурлаж авч байсан хөргүүдийнхээ түүхээс дурсвал? 
-Зорьж авч байсан нь бий. Гэхдээ маш цөөхөн. Одоо миний харамсдаг зүйл энэ юм. Энэ хүний зургийг хажууд нь очиж гуйж сууж байгаад авчихгүй яав даа гэх харамсал надад маш их төрдөг. Жишээлбэл, Б.Ринчен гуай. “Таны зургийг авъя” гээд гуйгаад байсан бол зургаа авахуулах л байсан байх гэж харамсаж суудаг. Зөвхөн сонин сэтгүүлд л орох хэмжээний зургийг аваад байжээ. Зургийг нь аваад үлдэхгүй яав даа гэсэн маш олон хүн байна. Залуу та нар бас үүнийг бодох л хэрэгтэй. 
-Гэрэл зурагчны мэргэжил нэгэн бодлын мөнхийн эрэл хайгуул шиг санагддаг? 
-Тэгэлгүй яахав. Мөнхийн эрэл хайгуул, мөнхийн хүлээлт. Жишээлбэл, миний “Өглөөний дасгал” гэж зураг байна. “За миний хүү. Эрхий хуруун дээрээ зогсоорой” гэж авахгүй шүү дээ. Хажууд нь сууна, босож, сууж, хэвтэж нэг үзнэ. Зөвхөн эрхий хуруун дээрээ зогсох тэр мөчийг л хүлээнэ. “Амжаад цайлцгаая” гэдэг зураг байна. Үнээгээ саахаа гарсан чинь гэрт хоёр ишиг орчихож. Энэ зургийг буулгахын тулд гэртээ үлдээгээд хаалгаа хаагаад гарлаа. Нөгөө хоёр авдар, орон дээгүүр гүйлдэж, гүйлдэж арай гэж  хоёулаа ширээний ард сууж байгаа юм. Яг төр мөчид л энэ агшинг буулгасан. Хэдэн цагийн хүлээлтийн дүнд бүтсэн гэж санана. Барилгын үйлдвэр дээр очоод өрлөгчингийн зураг авахаар боллоо. Дагаад л зураг аваад явна. “Тоосгоо бариарай, шавраа нялаарай” гэж байгаад зураг авах юм бол шал худлаа зураг гарна. Харин өдөржин дагасаар яваад намайг мартах үед л тэр агшинг буулгаж нэг зураг гарна. Тэгэхээр гэрэл зураг бол мөнхийн хүлээлт юм. Үүнээс гадна хүлээж хүлээчихээд бүтэлгүй зурагтай тардаг тохиолдол тоймгүй бий шүү дээ. Ер нь гэрэл зурагт тэр өдрийн аз гэж бас байдаг юм. 
-Та 1978 онд Япон Улсад зохиогдсон “Азийн хүүхдүүд” гэрэл зургийн уралдаанд оролцож, Монголын гэрэл зурагчдаас анхлан гранпри шагнал хүртэн, гэрэл зурагчдын мөрөөдөл болсон “Никон” аппаратаар шагнуулж байсан.  Энэ аппаратаар та мөн ч олон агшинг аргамжсан байх?
-Өө тэгэлгүй яахав. Тухайн үед “Никон” Монголд орж ирээгүй байсан юм. Японоос “Азийн хүүхдүүд” сэдэвт уралдааны зар ирсэн. Монголоос олон ч хүн явуулсан. Арванхоёрдугаар сард зургаа явуулаад бараг мартсан байсан. Гэтэл долоо бил үү наймдугаар сард уралдааны комиссоос мэдээ ирж, гранпри шагнал хүртсэн. Тухайн үед гранпри гэж шагналаа ч мэдэхгүй байлаа шүү дээ. Бид өвлийн хүйтэнд гадуур явахдаа аппаратаа бүгд л энгэртээ тэвэрч явна. Тэгэхгүй бол царцчихаад ажиллахгүй. “Никон” бол тэгэхгүй. Уралдаанд шагнуулсныхаа буянаар хүйтэнд аппаратаа бигнэж явахгүй сайхан л байлаа. 
-Таны хувьд гэрэл зурагчиддаа чухалчлан захидаг зүйл тань юу вэ?
-Аливаа зүйлд хүлээцтэй хандах хэрэгтэй. Хүлээцтэй байдал л чухал. Гэхдээ хүлээцтэй хандах зүйл бас хандахгүй зүйл байна. Үйл явдалд хүлээцтэй хандана гэж хэзээ ч байж болохгүй шүү дээ. Үнэхээр нэг сайн гэрэл зураг авъя гэвэл цаг гаргаж хүлээцтэй хандах л  хэрэгтэй гэж би зөвлөдөг юм. Аливаа зургийг авахдаа хүлээцтэй байж онцгой агшинг авч үлдээх л чухал юм. Зурагчин хүний тэр өдрийн аз гэж байдаг. Ер нь зурагчны мэргэжлийг анчин ч зүйрлэмээр юм шиг. Одоо үеийн уран бүтээлчдийнхээ гэрэл зургуудыг хараад үнэхээр баярлаж бахархдаг. Тэр шөнийн зураг, байгаль, ан амьтан. Ямар их хүч хөдөлмөр хүлээлтийн үр дүнд бүтсэн уран бүтээлүүд вэ гэж бодож сууна. Гэрэл зураг гэдэг чинь гэрэл сүүдрээр л амьдардаг юм. Би бол гэрэл зургийн нэг ч ном заалгаж байгаагүй. Амьдралаас олж авсан туршлага, хамт олны ур чадвараас суралцсан. Бүх хүн өөр, өөрийн төрхтэй. Тэр хүн зургаа хараад сэтгэл  өндөр л байх хэрэгтэй. Зургаа хараад баясч л байвал тэр нь миний хамгийн том баяр баясал.
-Намтрын тань тодоос тод нэг хэсэг бол олон улсын тавцанд Монголынхоо нэрийг гаргаж байсан явдал. Та ер нь олон улсын уралдаануудад бүтээлээ явуулахдаа юуг нь чухалчилдаг байсан бэ? 
-Монгол ахуй гэж гайхамшигтай юм. Энэ олон уралдаанд монгол ахуйн бүтээлээр л шагнал авсан. Хэрвээ монгол ахуй гэж байгаагүй бол би энэ олон уралдаанаас шагнал авахгүй. Нью-Йоркт миний үзэсгэлэн гарсан. Энэ үзэсгэлэнд дэлгэгдсэн зургууд бүгд л монгол ахуйн зураг. Олон орны гэрэл зурагчид дундаас намайг сонгож, бүтээлээр минь үзэсгэлэн гаргасан. АНУ-д ирэхгүй юу гэхэд нь би очиж чадаагүй. Манай МОНЦАМЭ-гийн АНУ дахь сурвалжлагч   “Монгол эмэгтэйн дэлхийд гайхагдсан сайхан үзэсгэлэн боллоо” гэж мэдээлж байсан. 
-Та ер нь бүтээлүүдийнхээ санааг хэрхэн гаргадаг вэ?
-Энэ чинь амьдралын явцад л олддог юм. Орчин, эргэн тойрноо, хөдөлгөөн бүрийг  ажиглаад явж байхад л олдоно шүү дээ. 
-Гэрэл зурагчны ажил нэгэн бодлын эмэгтэй хүнд ахадсан шиг санагддаг. Гэхдээ таны бодлоор эмэгтэй гэрэл зурагчдын онцлог гэж байдаг болов уу?
-Эмэгтэй хүнд ахадсан ажил уу гэвэл тийм. Гэр бүлийн хүн нь их л сайн хүн байх хэрэгтэй. Олон хоног томилолтоор явна. Хэцүү шүү дээ. Эмэгтэй гэрэл зурагчдын онцлог гэж байдаг байх. Сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ эмэгтэй хүн зураг авах талаасаа, харьцахдаа ч гэсэн арай өөр, ер нь их хүлээцтэй байдаг байх. 
-Тэтгэвэртээ гарсныхаа дараа гэнэт л малчин болохоор шийдэж нутгаа зорьсон гэдэг. Энэ тухайгаа хуучилбал сонин байх болов уу?
-Тэтгэвэрт гарсан даруйдаа “Хөрөг” фото зургийн студи байгуулсан. Олон хүн зургаа авахуулах гэж ирнэ. Хүүтэйгээ хоёулаа үнэндээ ачааллаа дийлэхгүй байсан. Тэгэхээр нь Германаас охин, хүргэнээ дуудаж авчирч гэрэл зургийн студиэ хүлээлгэж өгсөн. Хүүхдүүд маань одоо ч энэ студиэ ажиллуулж байгаа. Хүүхдүүддээ студиэ хүлээлгэж өгснийхөө дараа 1998 онд өвгөнтэйгөө хамт мал дээр гарсан. Миний хань Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн хүн. Бид хоёр 12 жил мал малласан. Найзууд, ах дүүсийн өгсөн хэдэн малаа аваад л хөдөө гарсан. Эхний жил хоёрхон ямаа ишиглэж, хорин хэдэн хонь хургалж байлаа. Эхний үед хотоос хүүхдүүдээрээ мах зөөлгөдөг байлаа. Харин 10 жилийн дараа мянгат малчин, аймгийн сайн малчин болсон.
-Таныг сайн малчнаас гадна сум, багтаа үлгэр жишээ цэвэрч айл байдаг гэсэн юм билээ?  
-Би ер нь гадаанаа ганц ноос, шүдэнзний мод ч байлгаж үзээгүй. Зуны цагт хонио ноослон дуустлаа гадаа ноосгүй байхаар сумаас намайг улам “хөөргөнө”.  Би таван хүүхэдтэй. Таван хүүхдийн 20-иод аз зээ зундаа ирнэ. Тиймээс энэ хэдэн хүүхдүүдээ ажилд сургахын тулд төлөвлөгөөтэй үздэг байлаа. Том хэд нь ээлжээр хонинд явна, зарим нь хоолоо хийнэ, нөгөө хэд нь гэр цэвэрлэнэ. Хоолны хуваариа долоо долоо хоногоор гаргаад үүнийхээ дагуу хийнэ. Би 13-уулаа өссөн. Зуны цагт гутал өмсөж үзээгүй. Ач нараа ч ингэж сургасан. Очингуутаа гутлаа хураалгана. Хүйтэн бороотой өдөр л гутлыг нь тавьж өгнө. Хүн болгон өөр өөрийн гэсэн аягатай. Ажил хийснээр нь аяга бүрт урамшууллыг нь өгнө. Урамшууллаа авахын тулд бүгд л хичээж ажилд шамдана. Ингэж л энэ олон хүүхдийг зуны гурван сар хөдөө байлгадаг байлаа. 
-Гэрэл зураг хэмээх амаргүй салбарт амьдралынхаа ихэнх цагийг өнгөрүүлсэн ч  та үргэлж л гялалзаж харагдах юм. Магадгүй танд байх олон сайхан чанарын нэг нь энэ байх?  
-Баярлалаа. Тэгж л харагдаж байвал болоо. Гэрэл зурагчны ажил гэдэг ядрахаа мэддэггүй, гүйдэг ажил юм. Учиргүй их гүйгээд байсны хэрэг юм болов уу даа гэж бодож сууна. Зурагчин охид, хөвгүүддээ захихад би нэг л талдаа аппаратаа үүрч явсан. Гэтэл одоо нуруунд суулт өгөөд нөгөө тал руугаа махийсан байна. Тиймээс нэг тал руугаа аппарат битгий зүүж бай гэж захья.  
   
Шигтгээ
Ерөнхий боловсролын гэр ахуйн багшийг МОНЦАМЭ агентлаг гэрэл зургийн редакцдаа татан авч, “Новости Монголии” сонинд ажиллуулсан нь түүний уран санаа, уран нүдийг таньсны илэрхийлэл биз. МОНЦАМЭ-гийн Цэрэннадмид уран бүтээлээрээ зөвхөн монголдоо төдийгүй олон улсын хэмжээнд танигдаж мандаж эхэлсэн юмдаг. “Интерпресс фото-77” олон улсын гэрэл зурагчдын үзэсгэлэн Москвад дүнгээ гаргахад хүүхдийн сэдэвт бүтээлээрээ Монголын Цэрэннадмид хүрэл медалийн эзэн болж тодорсон бол нэгэн жилийн дараа 1978 онд Япон улсад “Азийн хүүхдүүд” сэдэвт олон улсын тэмцээнд сойсон “Өглөөний дасгал” зураг шилдгийн шилдгээр гранпри шагнал, гэрэл зурагчдын тэр үеийн мөрөөдөл байсан НИКОН аппаратаар шагнуулан монголын гэрэл зурагчдыг баярлуулж, бас заримынх нь цагаан атаархлыг өдөөж эхэлснийг нуугаад яах вэ. Товчхон хэлэхэд, Москвад ч, Токиод ч гэрэл зургийн шилдэг шүүгчдийн шалгаруулалтаар ур чадвараа зүй ёсоор өндрөөс өндөр үнэлүүлж баталгаажуулсан эрхмийн ур чадварын талаар нуршин бичих нь илүүдэхийг хэн хүнгүй л хүлээн зөвшөөрөх байлгүй. МОНЦАМЭ-д ажиллаж байсан жилүүддээ  “Үнэн” сониноос зарласан уралдаанд тэргүүн байр “Хөдөлмөр”, “Улаанбаатарын мэдээ”, “Спортын мэдээ” сониноос зарласан уралдаанд удаа дараа 1-3 дугаар байр эзэлж, “Правда” сониноос зохион байгуулсан олон улсын тэмцээнд  “Адуучин” зургаа  илгээн аман хүзүүдэж явсныг энд дурсаад орхиё доо...

            Гэрэл зургийн ахмад сэтгүүлч, Соёлын гавьяат зүтгэлтэн Р.Чулуун
Д.Цэрэннадмидын үзэсгэлэн, номоос та бүхэн 70, 80, 90-ээд оны Монгол улсын хөгжил, нүүр царайг олж харах болно. Энд ажилчин, малчин, сэхээтэн, урлаг соёл, спортын алдартнууд, эрдэмтэн мэргэд олон хүнтэй та уулзана. Найз маань МОНЦАМЭ агентлагийн “Новости Монголии” сонины гэрэл зурагчны хувиар очоогүй хот, аймаг, сум бараг байхгүй байх. Цэрэннадмид аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг. Ёс төдий юм хийх гэдэг ойлголт энэ хүнд байхгүй. Ажлыг эхэлсэн л бол дуусгаж байж л санаа нь амарна. Хэн нэгний зураг авна гэж бөөн юм болноо. Шууд авна гэж байхгүй. Нөгөө хүнээ бэлдэнэ зүс царай, дээл хувцсыг нь нь засч янзална, гоёно гоодно. Ер нь маш олон талаас нь бодож болгоож  л зургаа авна даа. Бас төлөвлөгөөт ажлын хажуугаар англи, орос сэтгүүлийн нүүрэнд тавьчихмаар  тийм нэг аятай таатай (фотогеничный) хүнийг хайж явдаг байлаа. Хамт яваа би ч гэсэн өөрийн эрхгүй тэр “эрэлд” оролцчихсон энэ тэр хүн рүү хараа бэлчээж явах.  Энэ эрэл хайгуулын үр дүнд төрөл бүрийн ажил мэргэжлийн олон сайхан хүний хөрөг зураг “Монголия” сэтгүүлийн нүүрэнд заларсан даа.

Ахмад сэтгүүлч Н.Даваа
Найзыг минь тодорхойлох бас нэг чанар бол бүтээлч сэтгэлгээ. Аливаа юманд маш бүтээлчээр хандаж чин сэтгэлээсээ, чанартай хийнэ. Тиймээс ч уран бүтээлийн нэг төрөл болох гэрэл зургаар мэргэшсэн байх. Мэргэжлийг нь охин, хүү, хүргэн нар нь өвлөөд гучаад жил “Хөрөг” нэртэй гэрэл зургийн салон амжилттай ажиллуулж байна. 
Цэрэннадмид авьяаслаг, гарын ур сайтай хүн.  Оёж, хатгах, нэхэх бол энүүхэнд. Бүүр бөгж цохиж байсан хүн шүү. Энэ бүхэн хобби нь. Тэтгэвэртээ суугаад шинэ сонирхолтой болсон нь хөөрөгний даалин урлах. Жинхэнэ монгол аргаар даалин дээрээ зүү орооно, зургаа өөрөө зурж гаргана, тэр ч байтугай бурхан бүтээсэн буянтай эмэгтэй. Найзыгаа би гуньж гутарч, уурлаж байхыг нь харж байсангүй. Аливаа юманд эергээр ханддаг, юуны ч бай сайн талыг нь олж хардаг зан чанар нь надад маш таалагддаг. Их эмэгтэйлэг зан төрхтэй тэрээр бусдын анхаарлыг татдаг юм. 
 Ахмад сэтгүүлч Л.Лхагвадулам

Уралдаан тэмцээн
 1977 онд-Москва хотноо зохиогдсон хүүхдийн сэдэвт “Интерпресс фото 77” олон улсын гэрэл зурагчдын үзэсгэлэнд “100 кг хүрч үү” зургаараа хүрэл медаль
 1978 онд-Япон Улсад зохиогдсон “Азийн хүүхдүүд” сэдэвт олон улсын тэмцээнд “Өглөөний дасгал” зургаараа оролцож, гранпри шагналын эзэн болж “Никон” зургийн аппаратаар шагнуулж байсан.
 1979-1984 онуудад-“Үнэн”, “Хөдөлмөр”, “Улаанбаатарын мэдээ”, “Спортын мэдээ” зэрэг сониноос гэрэл зурагчдын дунд ажилласан уралдаануудад I-III байр,
 1985 онд-“Правда” сониноос зарлагдсан oлон улсын тэмцээнээс “Адуучин” зургаараа II байр,
 1988 онд-ЗХУ-ын “Советская Женщина” сэтгүүлээс зарласан олон улсын уралдаанд “Болзоо” зургаараа хүндэт диплом
 1988 онд-“Амжаад цайлцгаая” зургаараа Азийн ACCU-аас зохиосон уралдаанд шагналт байр
 1998 онд-Япон Улсын Азийн ACCU Олон улсын гэрэл зургийн уралдаанд “Минийхээс гоё байдаг аа” зургаараа шагналт байруудыг тус тус эзэлж байсан.

Уран бүтээлийн үзэсгэлэн 
 1994 онд “Алаг дэлхий дээр төрсөн минь учиртай” гэрэл зургийн үзэсгэлэн
 2013 онд олон улсын гэрэл зурагчдаас шалгарч, Нью-Йорк хотноо уран бүтээлийн үзэсгэлэн нь гарсан.
 2014 онд өөрийн төрсөн нутаг Хэнтий аймгийн Батноров суманд гэрэл зургийн үзэсгэлэн гаргасан.

Add Comment

Top