М.ЛХАГВАСҮРЭН

2020/05/05



Мишиг ЛХАГВАСҮРЭН

1941 онд Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн. 1961 оноос гэрэл зураг авч эхэлсэн. 1966-1972 онд М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их Сургуулийг төгссөн анхы фото сэтгүүлч. 1975 онд Лейпцигийн их сургуулийн фото сэтгүүл зүйн дээд курс, 1980 онд Москвагийн Их Сургуулийн сэтгүүлчийн факультетийн дэргэдэх дээд курст суралцсан. 1961-2001 онд “Үнэн” сонины сурвалжлагч, тус сонины Сэлэнгэ аймаг дахь сурвалжлагч, фото сурвалжлагч, тасгийн эрхлэгч, 1995-1997 онд фото сурвалжлагч, 2000-2001 онд “Засгийн газрын мэдээ”, “Зууны мэдээ” сонинд фото сурвалжлагч, 2001-2005 онд “Монголын мэдээ” сонинд фото сурвалжлагчаар ажиллаж байсан.

Хөдөлмөр бүтээлийг нь төр засгаас үнэлэн Засгийн газрын жуух бичиг, Хөдөлмөрийн хүндэт медаль, МХЗЭ-ийн алтан медаль, МХЗЭ-ийн Тэргүүний залуу алтан медаль, “Ган үзэг”, “Алтан гадас” одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. Гэрэл зургаараа 1971 онд Олон улсын оюутан залуучуудын уралдааны дэд байр, 1979 онд Варшавын Олон улсын фото уралдааны тусгай шагнал, 1982 онд Сири улсад болсон “Олон улсын фото сэтгүүлчдийн уралдаан”-д тусгай шагнал, 1979 онд Юнескогоос зохион байгуулсан Азийн гэрэл зурагчдын уралдааны гуравдугаар байрын шагнал авч байв. 1975 онд “Гэрэл зурагчдын тусламж” гэрэл зураг суралцах талаар манай улсад хэвлэгдсэн анхны ном, 1989 онд “Халх голын ялалт” дурсамж найруулал, 1986 онд “Гэрэл зургийн 100 асуултын хариу”, 1987 онд “Дуурь бүжгийн театрынхан” хар цагаан цомог, 1987 онд “Фото нийтлэлийн төрөл зүйл, өнөөгийн шаардлага” фото сэтгүүл зүйн онолын анхны ном, 1988 онд “Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын байгалийн онцлог” хар цагаан цомог, 1988 онд “Хөвсгөлийн өнгө” хар цагаан зурагтай хуанли, 1997 онд “Монгени-108” цогцолборын 50 өнгөт зурагтай цомог, 1990 онд “Хөвсгөл” Монголд хэвлэгдсэн анхны өнгөт зургийн цомог /М.Лхагвасүрэн, Ц.Нина нарын хамтын бүтээл/, 2006 онд “Сансрын гараа” фото цомог /М.Лхагвасүрэн, С.Батсүх нарын хамтын бүтээл/, 2008 онд “Гэрлээр бичих урлагийн сурах бичиг” /М.Лхагвасүрэн, хүү Л.Элбэгзаяа нарын хамтын бүтээл/, 2010 онд “Монгол хүн сансарт ниссэн түүх”/ Б.Дашдаваа, С.Батсүх нартай хамтын бүтээл/ болон Фото сэтгүүл зүйн онол шүүмжлэлийн тухай 500 гаруй өгүүлэл, нийтлүүлсэн байна.


Бүтээлийн дээжээс


Add Comment

Top